
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй уг музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, академич С.Чулуун, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ардын жүжигчин, төрийн шагналт Н.Сувд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээг нээж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын тэргүүн сарын шинийн 17-нд ийнхүү эхлүүлж байна.Энд монголын түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой” гэдгийг онцолж хэлэв.
“Чингис хаан” музейн Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтөний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах аж. Музейн сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэх юм байна.

"Чингис хаан" музей нийт 20,500 м.кв талбайтай, 15 үзэсгэлэнгийн танхимтай байхаар зураг төсөлд тусгажээ. Доод давхруудыг түр үзэсгэлэнийн танхимаар зохион байгуулж, олон улсын болон бусад үзэсгэлэнг тодорхой хугацаанд гаргаж байхаар төлөвлөсөн байна. Харин үндсэн үзэсгэлэнгийн танхим нь гуравдугаар давхраас эхэлнэ. Тодруулбал,
Гуравдугаар давхар- Хүннү, Сяньби, Жужан зэрэг гурван улсын үеийг харуулах үзмэрүүдийг байрлуулна. Нийт талбайн 60 орчим хувь нь үзүүлэнгийн танхим, бөгөөд үлдсэн хувь нь сан хөмрөгийн талбайтай байх аж.
Дөрөвдүгээр давхар-Түрэг, Уйгур, Кидан улсын үеийн танхим
Тавдугаар давхар-Монголын эзэнт гүрэн
Зургаадугаар давхар-Бүрэлдэхүүний улсууд
Долдугаар давхарт-XV - ХХ зууны монголчууд
Наймдугаар давхарт-Дэлхий дахин ба монголчууд
Есдүгээр давхарт-Их хааны хүндэтгэлийн өргөө байрлана.

Уг музей нь орчин үеийн музейн барилгын угсралтын шаардлагыг хангасан, төмөр бетон карказ, бетон дүүргэлттэй, галын аюулгүй байдлыг хангасан, агааржуулалтын систем сайтай хэмээн албаныхан онцолж байна.
Түүнчлэн суурийн давхарт үзмэрийг хүлээн авах, сэргээн засварлах, үзмэр бэлтгэх танхимууд байх бөгөөд музейн барилга зургаан лифттэй байх юм.
Сэтгэгдэл (1)