
Замыг мэргэжлийн хүмүүс барьдаг болохоос популистууд зам барьж байсан түүх байдаггүй юм, хойшид ч байхгүй
Энэ бидний л зорчих зам. Тиймээс өөриймсөг сэтгэлээр зам тавьж сурах цаг иржээ. Монголчууд болсон болоогүй 30 жил зам барьсан. Энэ хугацаанд хэд хуулж, хэд нөхөж, дахин хэдэн удаа барьсан эсэхийг бүү мэд. Тэр хэрээр улсын төсөв замын асфальт болон хучигдаж, хуулагдаж байсныг тооцсонгүй. Өнгөрөгч оны өдийд шиг санагдаж байна. Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар түүнийг төлөөлж Сангийн яамтай 2017 онд Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн газар Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг шийдэж байв. Холбогдох яамныхан 2019 ондоо багтааж олон улсын стандартын замыг ашиглалтад оруулна гэж байсан ч төлөвлөгөөний хүрээнд ажиллаж чадаагүй. Гүйцэтгэгч компаниудад асуудал байсан л байх. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өнгөрөгч зуны усархаг бороо замын ажлыг явуулаагүй гэх юм билээ. Зам барина гэдэг бол гэрээсээ бие засах газар хүртэлх явган зам гаргахаас тэс өөр зүйл. Нэг өдөр бороо ороход зайлшгүй гурван өдөр хатааж байж замын ажил явах ёстой юм билээ. Цаанадаж хариуцлагагүй компаниудын хар гайгаар замын ажил дорвитой яваагүй нь үнэн. Ноднин зуны бороо замын томоохон ажлыг эхлүүлсэн Засгийн газарт гай болсон бол улстөржих сэдэвгүй утсаа маажиж суусан улс төрийн хүчнүүдэд бай болж өгсөн. Үүнийхээ горыг салбарын сайд Б.Энх-Амгалан хангалттай хүртэж одоо ч “балбуулсаар” байна. Хугацаандаа ашиглалтад орох ёстой зам нэгэнт ороогүй учир ёстой л хүртэх ёстойгоо хүртэж буй нь тэр юм байлгүй гэж бодохоос өөрцгүй.
Монгол Улсын бүтээн байгуулалт өрнөх сар дэндүү богино. 5-11 дүгээр сар хүртэл ажил явна. Бусад үед нь хүйтэн нойтноос шалтгаалан дийлэнх ажлууд зогсдог. Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэхээр 105 хятад ажилтныг оруулж ирнэ хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэнээс болж “жавтий”-гаа хүртсэн. Ер нь бол зам дээр хүрз барин ажиллах 105 хүн орж ирэх гээд байсан юм биш л дээ. Ноднин тендерт нь шалгарсан гүйцэтгэгч дөрвөн хятад компанийн инженер техникийн мэргэжилтэн ажилтнууд, захирал тэргүүт хүмүүс нь 105 болж байгаа юм байна. Үүнийг нь хэдхэн хоногийн өмнө хэлсэн үгнээсээ болж амны алдас болсон С.Эрдэнийн тэргүүлсэн Ардчилсан намынхан шүүрэн авч 105 коронавирусний халдвартай хүмүүс авч ирж зам бариулах гэж буй мэт нийгмийг түгшээсэн мессэж тараав. Угаасаа хятадуудад дургүйн зэрэгцээ коронавирусний дэгдэлт хүч нэмсэн нь үнэн. Үүний улмаас замын ажилд оролцох нэн шаардлагатай гэсэн хүмүүс хилийн дээс алхах боломжгүй болсныг өчигдөр Засгийн газар албан ёсоор зарлана лээ. Цаашид хэний ч тэргүүлсэн бай Засгийн газар улстөржилтөө даахгүй балрах вий гэсэн болгоомжлол байна.
Манайхан Монгол компаниудаараа бариулцгаах хэрэгтэй хэмээн шүүмжилж байгаа харагдсан. Олон улсын стандартад нийцсэн олон улсын зам барих тендерийг Монгол компаниуд гүйцэтгэх боломжгүй байсан тул Засгийн газар олон улсын хэмжээнд тендер зарлахад БНХАУ-ын нэр бүхий компаниуд шалгарсан юм байна. Чингэхдээ туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг оруулах ёстой гэж гэрээнд заасан тул Монголын 21 компани шалгарчээ. Ингэж л “Түмний хараал идсэн” замын ажил эхэлсэн байдаг.
Яг үнэндээ 30 жил дотооддоо зам барьж тоглосон дотоодын замын компаниуд маань тендерийн шаардлагыг дангаараа хангахгүй байсан болохоор туслан гүйцэтгэгчээр орохоос өөр боломж байгаагүй юм байна. Одоо хар л даа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын компанийн бариулсан “Лүнгийн там” гэх зам, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийн гүйцэтгэсэн зам “Хэнтийн там” нэртэй болчихсон байгааг. Энэ байдлаараа монголчууд зам нэртэй олон хүний амь нас авч одсон, хөрөнгө сүйдэлсэн “там” барьж байснаас ажлаа яс гүйцэтгэдэг компаниудаар ажлаа хийлгэсэн нь дээр. Асуудал гарвал тэр компаниуд нь өөрсдөө хариуцлагаа үүрэг. Монголд зам барьсан компаниуд хариуцлага үүрсэн гэж дуулаагүй. Шүүх, цагдаагийн хаалгаар хэдэн сар эргэлдэж байгаад хэргээ хаалгаад алга болдог. Хар дансанд бүртгэгдсэн замын компани дараа нь нэрээ өөрчилж зүсээ хувилгаад мөнөөх замын тендерт ордог нь нууц биш.
Саяхан “Улаанбаатар-Өмнөговийг холбосон зам ашиглалтад орлоо” гээд бөөн сүр болж тууз хайчилж байсан бол одоо хагарч, бутарсан хайрга дайрган дундуур машинууд сүлжилдэж байна. Бид өөрсдийн бурууг хүлээн авч сурах цаг болсон. Дааж авсан ажлаа хүнийрхэж хийдгээ хүлээн зөвшөөрөх цаг ч болсон. Замын зузаан, өргөнөөс нь “иддэг” байдалдаа цэг хатгах цаг болсон. Олон улсын стандартын зам гэдэг бидний “тавьж” сурсан замаас өөр зүйл. Замын стандарт, чанар байдгийг гар утсаа маажин “пид” үсэрч байгаа хүмүүс мэдэхгүй.
Энэ нийтлэлээрээ хятадын 105 ажилтныг оруулж ирсэнгүй гэж өмөөрсөн юм биш. 30 жил зам барихдаа олон улсын стандартад нийцэх зам барьж сураагүй компаниудыг шүүмжилж байгаа юм аа. Замаа бариад сурчихсан бол юу боллоо гэж хэл ам татлан, зүхүүлэх ажлаа салбар яам хийдэг юм. “Замыг чанартай баривал эргэж бидэнд ажил олдохгүй” гэж ярьж суусан замын компанийн хүний үг санаанд бууж байна. Одоо бид Монгол зангаар Монголд зам барихгүй, харин ч Олон улсын стандартартад нийцсэн зам барина шүү гэдгийг хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй. Дотоодын нөөц боломжоор монголчууд Дархан-Улаанбаатарын замын ажил хэсэгтээ үргэлжлэх бололтой. Одоо л нэг эзний ёсоор, энэ замаар би, бидний найз нөхөд, үр хүүхэд монголчууд зорчино гэдгийг ойлгож, цаг ямагт ухамсарлаж замаа барьцгаая. Дархан-Улаанбаатарын бус бүх замыг барихад дотоодын замын компаниуд нөөц боломжоо ашиглан барих цаг болсон.
Өөрсдөө хийхгүй, хийлээ ч чадахгүй. Хүн хийе гэхээр хүнээр хийлгэдэггүй Монгол зангаасаа татгалзъя. Аливаа зүйлийг эсэргүүцэж, харлуулж, дайрч, давшилж, гутааж, доромжилж, ямар ч том ажлыг зогсоож чаддаг “тормоз”-оо гишгэхээ больцгоох цаг болсон шүү. Монгол Улсын хөгжлийн эсрэг бүхий л боломжоо дайчлан зүтгэдэг улс төржилтдөө ч хамтдаа цэг хатгая. Замыг мэргэжлийн хүмүүс барьдаг болохоос популистууд зам барьж байсан түүх байдаггүй юм, хойшид ч байхгүй.
Эх сурвалж:Zindaa.mn Э.Энхболд