Бүх аймгийн Засаг дарга нарт тусгаарлах байр бэлдэх үүрэг өглөө

Улсын онцгой комисс өнгөрсөн ням гарагт хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эрүүл мэндийн салбарт шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулсан юм.
Тэрбээр, Улсын онцгой комиссын шийдвэрээр нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж болон ариутгалын бодисын санхүүжилтийг шийдвэрлэсэн. Түүнчлэн бүх аймаг болон нийслэлийн Засаг дарга нарт тусгаарлах байруудыг бэлдэж, голомтоос ирж буй иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авах чиг үүрэг өглөө.
Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад авахаар шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар Дорнодод 5, Замын-Үүдэд 104, Жаргалантад 17, Асралт эмнэлэгт 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.
Өнөөдөр Турк, Бангкокоос нислэгүүд ирсэн. Тиймээс бид энэ нислэгүүдээр голомттой улсуудаас ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авсан. Үүнээс гадна дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлах эмнэлгүүдийг бэлэн болгосон.
Түүнчлэн Сөүлээс Эрхүү рүү дамжин ниссэн иргэдийн мэдээлэл бидэнд байгаа учраас тусгаарлах өрөөнүүдийг бэлдэн ажиллаж байна. Төр засгаас маш их арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ өвчний тархалтыг хязгаарлах боломж хумигдаж буй учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар авах зайлшгүй шаардлагатайг ДЭМБ-аас анхааруулсаар байна гэв.
Эх сурвалж:GoGo.mn