Монгол улсын засгийн газраас БНХАУ-д туслах хандивын аяныг эхлүүллээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна.

Энэ хүрээнд БОАЖЯам, ГХЯ, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээж, "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлж байгаа юм байна. 

Байгаль орчны сайд Н.Цэрэнбат "Монгол Улсаас жилд дунджаар 1.1-1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол Монгол Улсад ирж буй жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх иргэн, ААН-ийн хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах ажиллаж байна" гэлээ. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монголын олон иргэн, ААН, байгууллага хандив өргөх санаачилгыг гаргаж байгаа бөгөөд үүнийг зохион байгуулалтад оруулан нэгдсэн журмаар зохион байгуулах нь зүйтэй байна. Тиймээс нэгдсэн дандсанд сэтгэлийн дэмээ хандивлах нь оновчтой байна. Засгийн газраас нэлээн хугацааны өмнө дэмжлэг үзүүлсэн. Үүний дараа олон байгууллага хандив өргөсөн. Тиймээс нэг суваг, нэг шугам, нэг үндэстэн гэдэг утгаар нь илүү оновчтой болгох хэрэгтэй байна. Мюнхэний аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ ДЭМБ-ын удирдлагатай уулзаж нөхцөл байдал дэгдэлтийн хандлагын талаар ярилцсан. Ингэхэд улс орон бүр дор бүрнээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал даван туулах боломж байгааг хэлсэн. Гэхдээ хөгжиж буй орнууд өөрсдийн зохион байгуулалтыг анхаарах нь зүйтэй гэсэн. Тэр ч утгаараа бид арга хэмжээ авч, цагаан сарыг тэмдэглэхгүй байх чиглэл гаргаж байгаа нь ч урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж буйн нэг илэрхийлэлэл. Хүн төрөлхтөнд тулгарч буй эрсдлийн бүгд нэгдсэн мэдээлэлтэй, зохион байгуулалттай ажиллаж байж гарч чадна гэдгийг хэлсэн" гэв. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "БНХАУ хамгийн хүнд цаг үед тусалж ирсэн. 2012 оноос хойш 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулж Шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын зам, боловсролын салбарт гээд маш олон төслийг хэрэгжүүлсэн. Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас манай улсад нэг тэрбум юаний буцалтгүй тусламжийг олгож боловсролын салбар, Онцгой байдлын ерөнхий газрын тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт төвийг байгуулсан. Энэ мэтчилэн маш олон чиглэлд бидэнтэй хамт байж дэмжсэн учраас бид хүнд цаг үед сэтгэлийн дэм өгөхийг уриалж байна" гэсэн юм. 

Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341303432597 Хандивын аян дансанд хийх боломжтой бөгөөд цугларсан хандивыг 7 хоног бүр дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд мэдээлэх юм.

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.