Маргаашнаас эхлэн БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна.

Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Маргаашаас /2020.02.14/ эхлэн БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн: Төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо. Хоёрдугаар сарын 1-ээс хойш БНХАУ-ын иргэн болон тус улсаар дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. БНХАУ-д байгаа монголчуудаа татан авсан. Ойролцоогоор 6000 иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.

Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Онгоц нисэх асуудлыг Засгийн газар цаашид шийднэ. Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна.

Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж байгаа тул цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоохыг уриалж байна. Хуурамч мэдээ мэдээллийг хэвлэлийн байгууллагууд гаргахгүй байх, баталгаат эх сурвалжийн мэдээллийг түгээх. Хоёр сая гаруй хүнд хүрэх 1000 гаруй сошиал хуудсын админууд хуурамч мэдээллийг түгээхгүй байх чиглэлд хамтран ажиллахаар болсон. Өнөөдрийн 16.00 цагаас эхлэн цагаан сартай холбоотой зар сурталчилгаа, шторк бүрэн зогсоох ёстой.

Засгийн газар ээлжит бусаар яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирустай холбоотойгоор цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Хөх хот, Бээжин, Эрээний галт тэргийг маргаашаас зогсоох асуудлыг хэлэлцэж байна. Үүнээс гадна, урд хөршийн хилийг хаах, цагаан сарын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, Нисэх онгоцны тийз буцаах тохиолдолд тодорхой хэмжээний хувь авдаг байсныг болиулах асуудлыг тус тус хэлэлцэж байна. Хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж.

Өчигдрийн /2020.02.12/ хуралдаанаас Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалсан. Мөн захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Мөн Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон.

эх сурвалж:ikon.mn

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.