Цахим сүлжээгээр худал дуут мессэж тараасан иргэн Г-г тогтоон шалгаж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

 "Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн.

Өвчлөл огцом нэмэгдсэн. Энэ нь лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өвчтөний нэгдүгээр хавьтлыг шуурхай шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг хэлсэн. Тэгвэл өчигдөр оройн 09:00 цагаас эхлээд яг хүмүүсийг амрах цагаар хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автууллаа" гэдгийг хэлсэн юм.

"Хуурамч мэдээлэл тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр орой тараасан худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Д-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ташаа мэдээллийг хувь хүний хаягаар тарааж байгаа тул түүнийх нь дагуу хаягийг тогтоож, шалгалтын ажил явагдаж байна. Хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгох учиртай. Мөн шалгалтын явцад тогтоогдох нөхцөл байдлаас хамаарч, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна" хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат хэллээ.

Эх сурвалж: ikon.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.