
Соён Гэгээрүүлэгч Ш. Хишигсүрэн
Монгол төрийн алтан жолоог атгаж байгаа УИХ-ын гишүүд нууц санал хураалт явуулахад Н.Номтойбаярын бүрэн эрхийг "Түдгэлзүүлнэ" гэчихээд дахин ил санал хураахад "Түдгэлзүүлэхгүй" гэцгээсэн явдал болсон. Н.Номтойбаяр гэгч "Хүн болоогүй байж гишүүн болж" тоглоод тоглоомоо булаалгасан нөхрийг яасныг бүгд мэдэж байгаа ч энэ УИХ-ын гишүүд гэдэг чинь ямар аймхай, арчаагүй, барьцаалагдсан, үнэт зүйл, өөрийн үзэл бодолгүй нөхдүүд болчихоо вэ. Ер нь гишүүдийн дийлэнхи нь ийм сул, шударга бус, хоёр нүүртэй хүмүүсээр дүүрч байсан парламент хэр олон байсан юм бэ. Дээр нь дэлхий даяар "Титэм" вирусийн халдвар авсан хүний тооноос үнэмлэхүй давсан бараг 80 000 хүн вирусын хатгаа тусч, 400 гаруй хүн нэг жилд нэг жижиг улсад нас барсан "Титэмээс аймаар вирус"-ын өвчин байгааг яагаад аль эрт зарлаагүй юм бэ. Нууж нууж энэ долоо хоногт аргагүйдэн ЭМЯ-ны нөхдүүд гөлтөлзөн мэдээлж, хүмүүс бөөн уур унтуу болж байгаа юм даа. Энэ уушигны хатгалгаа болдог ханиадаар өвдөөгүй хүн байна уу. Хаа сайгүй л хөхүүлж ханиалгасан хүмүүс. Өнөөдөр бөмбийтлөө халуурч, хатгаа авч байгаа мянга мянган нялх үрс эдгэсэн ч насан турш уушигны дархлаа султай болж байгаагийн бурууг хэн үүрэх гэж байна...Бас нэг хачин зүйл. Төр засгийн удирдлагууд нь "За бид хилээ хааж мэдэх нөхцөл байдалд байгаа тул Хятадад буй монголчууд минь амжиж хурдан эх орондоо ирээрэй" гэж хэдэн арав хоногийн өмнөөс ард түмнийхээ өмнө гарч ирээд, нүд рүү нь хараад сануулж, зарлаж, ухуулан сэнхрүүлэхгүй явж явж гэнэт л "Хилээ хаалаа хэмээн" масктай нөхөр пал хийтэл зарлан, өчигдөр урагшаа чиглэлтэй бараг бүх нислэг цуцлагдаад, хүмүүсийг айлгаж уйлуулаад, одоо хилийн цаана өчнөөн хүн ирж чадахгүй махаа идэж байгаагийн буруутан хэн бэ. Ер нь энэ бүхнийг харсаар байж, тэмцэж, нэгдэж, хэлж ярьдаг иргэд ч ховрын бараа болж. Өнөөдөр Монголд харанхуй төр, харанхуй нийгэм нүүрлэжээ. Эмх замбараагүй цацагдаж байгаа мэдээллийн эх сурвалжуудыг нягталж, үнэн зөвийг таньж, оюун дүгнэлт хийж чаддаг хүн ч алга. Ухаантай царайлагчид, тархи угаагчдыг ч таних чадваргүй сошиал ертөнц. "Соотон халтар чимээнээр" гэдэг шиг л фэйсбүүкийн ямар ч баталгаагүй хогон мэдээллээр бүхэл бүтэн улс орон баруун тийш нэг ханаралдаж, зүүн тийш нэг дугтаралдаж буйг харах ямар гунигтай. Хятадыг нэг хардаж үзнэ, бас магтаж нэг үзнэ. "Юу хамаагүй иддэг муусайн хужаа нар, эсвэл шуудайтай будаагаа тороор нь хувааж байгаа эвтэй хужаа нар" ч гэнэ үү. Бүр инээд хүрмээр. Хилээ хаагаач ээ ч хэмээн хэсэг залуус, газар шорооны тэмцэгч гэгддэг нөхдүүд голдуу хашгиралдаж, улмаар энэ сошиалын дарамтнаас болоод Ерөнхий сайд хилээ хаахаар болж байгаа ч юм шиг дүр зураг. Сошиалыг маллаж байгаад гарсан төрийн удирдлагуудтай ч юм шиг. Эх орон минь, алтан төр минь, монголчууд минь мянга мянган жилд олон дайн, олон зовлон, олон нийгмийг туулаад гарсан ч өнөөгийнх шиг оюуны харанхуйлал нөмөрсөн ийм цаг үе, 2 000 000 /хоёр сая/ фэйсбүүк хаяг эзэмшчихээд, түүгээрээ юу хамаагүй цацдаг, хортой, хогон мэдээлэлд живсэн ийм он жилүүдийг туулж байсангүй. Түүх биднийг дахиад л буланд шахлаа. Бүр "шороон булан"-д шахах шиг боллоо. Цагаан сар, Март 8, цэргийн баяр, хонхны баяр цаашлаад сонгууль болох уу. 3,4,5 сард бүх вирус гаарна, "Титэмт" гаарна, "H1 бас хамууд нь " гаарна гэж ДЭМБ дахиад санууллаа. Энэ тодорхойгүй байдлыг тодорхойлох, залах удирдагч хаана байна. Энэ замбараагаа алдсан нийгмээ залуурдах жолоодогч хаа явна. Эх орон дуудаж байна, Эх орон минь гуниглаж байна.
Сэтгэгдэл (2)