Ч.ЭРДЭНЭ: ШИНЖЛЭХ УХААНД ЕВРЭЙЧҮҮД ЦЭГ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД ТАВИНА

Монгол Улсын соёлын 49 дэх элч болсон судлаач Ч.Эрдэнийн хэлсэн ишлэлийг сийрүүлж уншигч танд толилуулъя. Түүний “Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс”, “Бид ялав”, “Чинад нууцын Монгол орон”, “Fax Mongolica” зэрэг бүтээлийг Монголын уншигчид андахгүй.
21 дүгээр зууныг хэрхэн төсөөлж байна?
Судлаачдын таамаглалаар эерэг сэтгэлгээний зуун. Эх орноо диваажин гэж харах талаар сургах хэрэгтэй. Хийе гэвэл ажлаас их юм алга. Гэтэл Солонгосын элчин дээр оочерлоод байгаа нь сэтгэлгээний алдаа.
Ер нь оюун ухаан гэж юу вэ?
Өөрчлөлтөд зохицох чадвар. Монгол Улс өдөр цагаар өөрчлөгдөж л байна. Дэлхий ч ялгаагүй. Энэ бүхэнд зохицож амьдрах нь оюун ухаан юм.
Шинжлэх ухааны хөгжилд оюун ухаан чухал уу?
Мэдээж чухал. Гэхдээ шийдвэрлэх ач холбогдолтой биш. Шинжлэх ухаанд баримталсан үзэл баримтлал, үндсэн консефци зөв байсан уу гэдэг шийддэг.
Шинжлэх ухаан судлагдахууныхаа хувьд хаана явна вэ?
20 дугаар зуунд бараг төгсгөлдөө хүрчихсэн. Гэхдээ яг ч төгсчхөөгүй. Хамгийн эцсийн буюу нэгдсэн нэг онол хэрэгтэй. Энэ онол орчлон ертөнцөд юу л байна тэр бүхнийг нэг зүйлээр тайлбарлах ёстой онол.
Тэр онолыг хэн гаргаж тавих ёстой вэ?
Физикийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал авсан хүмүүсийн 26 хувь нь жүдүүд буюу еврейчүүд. Эдийн засгийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал үрэгдэгсдийн 46 хувь нь еврейчүүд. Гэтэл тэд дэлхий дээр ердөө арав орчим саяулаа. Домог зүй талаасаа эдгээр хүмүүсийг бурхнаас сонгогдсон гэдэг. Тэгэхээр тэд цэг тавих болов уу. Тэд чадахгүй бол дээд тэнгэрээс заяатай нь дуусгана. “Нууц товчоо”-нд дээд тэнгэрээс заяат гэж гардаг биз дээ. Энэ логикийг ойлговол сайн хэрэг.
Та өөрийн “Супер нэгдлийн онолын үндэс”-ийг хэлж байна уу?
Тийм. Миний хийсэн онол хамгийн хураангуйгаараа 1000 хуудас ном болсон. Дэлхийн 101 оронд жил гаруйн хугацаанд тарсан. Би албан бусаар тараачихсан. Энэ нь өөрөө ноцтой боловч минийх, Монголынх гэдгийг нотлох баримт бичиг бий.
Хязгааргүйг тодорхойлооч гэвэл юуг хэлэх вэ?
Эйнштейн хэлсэн байдаг. Ертөнцөд хоёр хязгааргүй байдаг. Нэгт, хүний тэнэг хязгааргүй. Хоёрт ертөнц хязгааргүй. Гэхдээ ертөнц хязгааргүй гэдэгт эргэлзэж болно. Харин хүний тэнэгт огт эргэлзэх хэрэггүй.
Зовлон гэж юу вэ?
Зовлон гэдэг шашны ойлголт. Шинжлэх ухаанд зовлон ч байхгүй, жаргал ч байхгүй. Монголчуудын уламжлал бодит байгалийн сэтгэлгээнд суурилсан. Энэ талаас үзвэл Монголд ямар ч зовлон байхгүй дэлхийн диваажин. Газарзүйн байрлал, газрын дээр, доорх баялаг, амгалан тайван байдал, мал сүрэг гээд ийм баян оронд ямар ч зовлон байх үндэсгүй.
Шударга байх нэн тэргүүний асуудал мөн үү?
Хоёрдугаар зэргийн асуудал. Капиталистын анхны үе шатанд ухаан зарсан үйл ажиллагаа явагдана. Ухаан зарах үйл ажиллагаа шударга байхыг нэн тэргүүнд оруулахгүй. Энэ утгаараа шударга байна гээд тэнэг байна гэсэн үг биш.
Ардчиллын талаарх таны бодол?
Цэвэр ардчилал гэдэг маш дарамттай зүйл. Би бол социализмын үед төрж өсөөд баруунд хоёр сургууль төгссөн анхны монгол хүн. Бүдүүлгээр хэлэхэд цэвэр ардчилалтай газар хүний амар, хүүхний хонгонд хүрч болохгүй. Гэтэл манайд либерал ардчилал байгаа учраас бид пад хийтэл алгадаад болоод байгаа биз дээ. Монголчууддаа энэ нь тохироод байх шиг.
Эх сурвалж:Amjilt.news
Сэтгэгдэл (1)