Төр, түмний дэмжлэгээр өндийсөн ТББ-ууд толгой дээр гарлаа

           Төр, түмний дэмжлэгээр өндийсөн ТББ-ууд толгой дээр гарлаа

Хүний эрхийг хамгаалах ёстой ТББ нь хүүхдүүдийг айлгаж, олны өмнө ичгүүртэйгээр зогсоох нь хүнлэг ёс мөн үү

Гэрээний хүрээнд хүлээлгэн өгсөн 60 иргэнээс дөнгөж 17 нь үлдсэн ч нийслэлээс санхүүжилтийг бүрэн олгож, нийтдээ хагас тэрбум орчим төгрөг Г. Загдаагийн ТТБ руу шилжүүлжээ

Нийслэлээс Буянт Ухаа-2 хороололд сугалаагаар орсон эмзэг давхаргын хүмүүсийг ажлын байртай, орлоготой болгох чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж судлах ажлын хэсэг байгуулжээ

Бид албан ёсны шийдвэр бичгээр ирсний дараа ажил гүйцэтгэдэг. Нийгмийн хамгааллын тусгай төв гэж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага байдаг. Өнгөрсөн 12 дугаар сард манайхаас 140 гаруй иргэнийг тус төвд хүлээлгэн өгсөн

Төрийн бодлого хүрч чадалгүй орхигдсон хэсэгт төрийн бус замаар дэмжлэг үзүүлэх нь хүмүүнлэг үйлсийн нэг хэлбэр. Буян санасан хэн ч бусдад тусалж болно. Гэвч эмзэг бүлгийнхнийг цуглуулж, асран халамжлах нэрээр төрөөс болон олон нийтээс “мөнгө босгох” арга хэрэглүүр байхыг зөвшөөрч болохгүй. 

Хүүхэд хамгаалал, асрамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад нэгдсэн шалгалт явуулж, стандарт хангасных нь зөвшөөрлийг сунгаж, бусдынх нь үйл ажиллагааг зогсоох шаардлага тулгараад байна. Хамгийн сүүлийн хоёрхон жишээ авъя.

                             ХҮҮХДИЙГ АЙЛГАЖ ИЧЭЭХ НЬ ХҮНЛЭГ ҮЙЛС БИШ

Өнгөрсөн онд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг Ерөнхий сайд ихэд “тоож”, өөрийн биеэр зочилж очоод, төсвөөс 243 сая төгрөг олгох шийдвэр гаргаснаар олон нийтэд танил болгосон. Гэвч төсвийн мөнгө чухам хэнд ямар дэмжлэг болсныг сонирхсон ч үгүй, нэг ч татвар төлөгч тайлан тооцоо нэхсэнгүй. Баянзүрх дүүрэгт орших тус төвд 120 гаруй хүн амьдардгаас талаас илүү нь хүүхэд байна.

2015 онд Г.Загдаа “төр хийх ёстой ажлаа ТББ-д үүрүүлчихээд санхүүжилтээ олгохгүй байна” гэж эмзэг бүлгийнхнээ тойруулан зогсоогоод хэвлэлийн хурал хийлгэж байв. Үүнээс хоёр жилийн өмнө буюу 2013 онд нийслэлээс орон гэргүй, тэнэмэл амьдралтай хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг дөрвөн ТББ-тай хамтран хийхээр гэрээлсний нэг нь “Зөв амьдрах ухаан” байлаа.

Тухайн үед Нийслэлийн цагдаагийн газраас орон гэргүй 60 иргэнийг тус төвд хүлээл гэн өгөхдөө иж бүрэн тавилгатай таван ханатай гэр 10, өвлийн хувцас, аяга таваг, хоолны зардал гээд нийт 96.5 сая төгрөгийн үнэ бүхий дэмжлэг үзүүлж байв. Ингээд 2013 онд нийт 129.07 сая, дараа жил нь 162 сая, 2015 онд 90.5 сая төгрөгийн санхүүжилт тус тус хийжээ.

“Босоо хөх Монгол” ТББ-ын П.Шинжээравдан тэргүүтэй уур хилэн манарсан тэдгээр эрс хөөрхий хүүхдүүдийн айдастай царайг фон болгон ашигласанд бүгд эгдүүцсэн. 

Дээрх гэрээний хүрээнд хүлээлгэн өгсөн 60 иргэнээс дөнгөж 17 нь үлдсэн ч нийслэлээс санхүүжилтийг бүрэн олгож, нийтдээ хагас тэрбум орчим төгрөг Г.Загдаагийн ТББ руу шилжүүлжээ.

Ингэж төсвийн мөнгөөр амьдрах аргаа хийсэн Г.Загдаагийн төв эмзэг бүлгийнхнийг нийгэмшүүлж чаддаг эсэхэд хэн ч хяналт тавьсангүй. Өөрийнх нь хийсэн шууд бичлэгүүдээс тэнд амьдардаг хүүхэд, хөгшид ямар аймшигтай дарамтад байдгийг илтгэсэн дүр зургийг олон нийт харсан.

Дуудлагын дагуу үзлэг шалгалт хийхээр ирсэн цагдаа нарын өөдөөс унтаж байсан иргэдийг хөөн босгож, хүүхдүүдийг бархиран сэрээхэд, өвгөд хөгшид, өрөөсөн хөлгүй нэгэн, ядарсан эмэгтэйчүүд сандралдан босож, цагдаа нарын өмнө гайхан зогсох дүр зураг нүд хальтрам. Г.Загдаа “Хүүхдүүд ээ, босоорой, өвөөг нь цагдаа барихаар ирлээ, муусайн п, я” гэх мэтчилэн хэвлэлийн нүүрэнд бичимгүй бузар хараал урсгахад тэдгээр бяцхан үрс ямар их айдаст автсаныг төсөөлөхөд ч өр өмрөм.

Гэтэл үүгээр дууссангүй, маргааш нь 2-5 насны арваад хүүхдийг урдаа эгнүүлж зогсоогоод хэвлэлийн хурал хийлээ. “Босоо хөх Монгол” ТББ-ын П.Шинжээравдан тэргүүтэй уур хилэн манарсан тэдгээр эрс хөөрхий хүүхдүүдийн айдастай царайг фон болгон ашигласанд бүгд эгдүүцсэн.

Хүний эрхийг хамгаалах ёстой ТББ нь хүүхдүүдийг айлгаж, олны өмнө ичгүүртэйгээр зогсоох нь хүнлэг ёс мөн үү. Цагдаагийн алба хаагчдын үүргээ гүйцэтгэх явцад саад учруулснаас эхлээд асрамжид байгаа иргэдийн эрхийг зөрчсөн асуудлаар Г.Загдааг шалгаж, ямар хариуцлага хүлээлгэхийг олон нийт хүлээж байна.  

         ЗАСАГ ДАРГЫН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙХАД "МӨНГӨ БОСГОЖ" ЭХЭЛЖЭЭ 

Буянт Ухаа-2 хороололд архины хамааралтай, орон гэргүй иргэдийг байршуулах талаар нийслэлээс эцсийн шийдвэр гараагүй байхад “Заюу тайж” ТББ-ын тэргүүн Ц.Тамара орон гэргүй 300 иргэнийг 1052 дугаар байрны подвальд амьдруулахаар болсон гэж зарлаад, олон нийтээс тусламж хүссэн нь ТББ-ын “мөнгө босгох” бас нэг арга гэж хардахад хүргэж байна.

Тэрбээр “Засаг даргын захирамж гарсан тул талбайг тохижуулах, ариун цэврийн өрөө хийх, ор дэр, гал тогооны тавилга, хувцас хэрэглэлээс эхлээд бүхий л хангамжид 145 сая төгрөг хэрэгтэй байгаа” гэв. Эхний ээлжинд Баянгол дүүргийн засаг дарга хоёр сая төгрөгийн тусламж үзүүлснээр угаалтуур, холбогч зэргээ аваад дууссан гэсэн. Мөн төрийн байгууллагуудад тусламж хүссэн албан бичиг хүргүүлж, олон нийтээс дэмжлэг авахыг хүссээр байна.

Харин байрных нь доор архины хамааралтай, тэнэмэл амьдралтай иргэд олноороо хуарагнан амьдрах болсныг Ц.Тамарагийн нүүр номоос мэдсэн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэхээр нэгдэж байгаа аж. Тэд амьдрах орчин, амгалан тайван байдлаа алдагдана гэж үзжээ. Өнгөрсөн баасан гарагт Ц.Тамара инжинерийн хамт ирж, сонгосон байрны подвальд хэмжилт хийж, тохижуулах төлөвлөгөөгөө гаргасан байв. 

Харин энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Мөнхбаатараас тодруулахад ийм шийдвэр огт гараагүй гэв.Нийслэлээс Буянт Ухаа-2 хороололд сугалаагаар орсон эмзэг давхаргын хүмүүсийг ажлын байртай, орлоготой болгох чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж судлах ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг сүүлд ашиглалтад орсон байрны подвальд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд ажиллуулах талаар судалж байгаа аж.

 Ингээд зөвлөмжөө энэ долоо хоногт Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, тэднээс эцсийн шийдвэр гарах юм байна. Ц.Тамара мэргэжлийн хяналтаас хүн амьдрах боломжтой гэж дүгнэлт гаргасан гэж байгаа ч НОСК-ийн хэлтсийн дарга Д.Алтанхуяг үүнийг үгүйсгэсэн. Зөвхөн ажлын найман цагаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжийг мэргэжлийн хяналтаас судалж байгаа аж.

Төрийн байгууллагын судалгаагаар 1375 хүн тэнэмэл амьдралтай байна гэж гаргасан.

2015 онд “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара БЗД-т орон гэргүй хүмүүст зориулсан гурван блок барилга бариулах гэж байгаа тул олон нийтээс тусламж хүсэж, 150 гаруй хувийн хэвшилд албан бичиг явуулсан талаараа хэвлэлийн хурал хийлгэж байв. Гэвч уг барилга одоо хүртэл баригдаж чадаагүй бөгөөд энэ жил нийслэлийн зүгээс тусалвал барилгаа барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн.

Тэрбээр 20 жилийн хугацаанд архины хамааралтай иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг асран хамгаалж, 25 гэртэй үйл ажиллагаа явуулдаг байснаа одоо өөрийн амьдардаг болон хамтран зүтгэдэг цөөн хүний хамт дөрвөн гэртэй үлдсэн аж. Бусад гэрээ нийгэмшиж өрх тусгаарласан иргэддээ өгч тусдаа гаргасан гэнэ. 

Орон гэргүй, тэнэмэл иргэнийг Нийслэлийн цагдаагийн газраас хүлээлгэн өгдөг тул Ц.Тамара тэдгээр иргэдийг нийгэмшүүлэх ажлыг хариуцахаар ийнхүү Буянт Ухаа-2 хороололд төвлөрөхөөр хөөцөлдөж байгаа гэв. Мэдээллийн бодит байдлыг тодруулахаар Ц.Тамара болон Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн нартай холбогдсон юм.

         Ц.ТАМАРА: САРД 7-8 САЯ ТӨГРӨГ АВАХ ТУЛ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАНА

-Таныг Буянт Ухаа-2 хорооллын подвальд орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажил хийх гэж байгаа талаар та мэдээлсэн. Ямар шийдвэрээр ийм ажил эхлүүлэх болов?

-Би 20 жилийн турш тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажил хийсэн. Нийт 500 хүнийг архинаас гаргаж, амьдралтай болгосон. Үе үеийн хотын удирдлагуудад дэмжлэг хүсэж хандаж байсан ч нэг нь ч нааштай хандаагүй. Харин С.Амарсайхан дарга л нааштай хүлээн авч, Буянт Ухаа-2 хорооллын подвальд зөвшөөрөл өгсөн. Үүний дагуу би инженерүүдээр тохижилтын зураг гаргуулж авсан.

300 орчим хүн эхний ээлжинд авна. Тэдгээр иргэний урсгал зардал, талбайн түрээсэнд сардаа 7-8 сая төгрөгийн зардал гарна. Энэ мөнгийг нийслэлээс гаргах тул би хариуцлагатай ажиллаж, эмзэг бүлгийнхнийг амьдралд хөлөө олоход нь туслах болно.

-Нийслэлээс одоогоор ийм шийдвэр гаргаагүй гэж мэдээлсэн. Мөн оршин суугчид эсэргүүцэл илэрхийлж байна?

-Би 2007-2010 онд вокзалын арын 51 дүгээр байрны подвальд архины хамааралтай тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг 70-80 хувийн гүйцэтгэлтэй хийж байсан. Нийслэлээс төсвийг гаргадаг энэ ажлыг авах өрсөлдөөн их бий. Үүнтэй холбоотой янз бүрийн 

асуудал яригдах байх. Төрийн байгууллагын судалгаагаар 1375 хүн тэнэмэл амьдралтай байна гэж гаргасан. Гэхдээ энэ бол баригдсан хүмүүсийн л тоо. 1500-1800 хүн орон гэргүй байна. Тэднээс ядаж 300 нь хөлдөж үхэх аюулгүй, дулаан газар сургалт, эмчилгээнд хамрагдаж, ажлын байртай болоход иргэд дургүйцэх учиргүй. Би оршин суугчидтай уулзана. Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийг хүлээлгэн өгдөг тул тэдний хяналт, тусламж бас байх юм.

-ТББ-уудыг эмзэг бүлгийнхнийг ашигладаг гэх ойлголт түгээмэл бий. Сүүлд Г.Загдаагийн гаргасан үйлдэл үүнд хүчтэй нөлөөллөө. Та үүнийг юу гэж үзэж байна?

-ГЗагдаа зургаан жилийн өмнө шоронгоос гарч ирэхдээ юутай байсан билээ. Одоо тэр гурван давхар байшинд хивсээр биеэ ороож сууна. Хүмүүсийг харааж загнаад, шоронжсон байдалд байлгадаг нь тодорхой харагдсан биз дээ. Эмзэг бүлгийнхнийг тэднээс салгасан ч байшин, өмч нь тэр хүний нэр дээр үлдэнэ шүү дээ.

Гэтэл би 20 жилийн өмнө энэ ажлыг эхлүүлэхдээ өвөр дүүрэн мөнгөтэй, арван хуруундаа алтан бөгжтэй байсан. Нийт 860 сая төгрөг буяны үйлстээ зарцуулсан байна. Өнөөдөр түлээ нүүрсний мөнгөгүй болоод ирэхээрээ зээл авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна.

            Ц.ТАМАРА ГЭЖ ИРГЭН МАНАЙД ХАНДСАН, ГЭХДЭЭ ЗАСАГ ДАРГЫН

                                         ЗАХИРАМЖ ГАРААГҮЙ БАЙНА

-Буянт Ухаа-2 хороололд танайхаас орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэхээр хүлээлгэн өгөх чиглэл ирсэн үү?

-“Заюу тайж” ТББ-ын Ц.Тамара гэж иргэн “нийслэлд хүсэлт тавиад байраа шийдүүлсэн, засварын ажилд нь унаа тэргээр туслаач” гэж манайд хандсан. Гэхдээ Засаг даргын захирамж гараагүй байна. Бид албан ёсны шийдвэр бичгээр ирсний дараа ажил гүйцэтгэдэг.

Нийгмийн хамгааллын тусгай төв гэж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага байдаг. Өнгөрсөн 12 дугаар сард манайхаас 140 гаруй иргэнийг тус төвд хүлээлгэн өгсөн. Тэндээс хамтран ажилладаг ТББ-ууд руу хүмүүсээ хуваарилан нийгэмшүүлэх ажил гүйцэтгүүлдэг журамтай.

-Иргэдийг бөөнөөр нь байрлуулахад танайхаас хяналт тавьдаг уу?

-Бид зөвхөн бүртгэл хийж Нийгмийн хамгааллын тусгай төвд хүргүүлдэг. Цагдаагийн үүрэг бол гудамжинд хөлдөж амь насаа алдах, осгох эрсдэлтэй орон гэргүй хүмүүсийг цуглуулж, төрийн байгууллагад хүлээлгэн өгдөг. Харин хяналтыг хариуцсан ТББ-ын зүгээс тавьдаг. 

-“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн үйлдэлд хариуцлага тооцох уу?

-Харъяаллаараа Баянзүрх дүүрэгт хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэхээр очиход хэл амаар доромжилсон шалтгаанаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан нь шалгагдаж байна. 

-Цагдаа нарын ажилд саад учруулсан үйлдэлд нь хариуцлага тооцох уу?

-Зөрчлийн тухай хуулийн 15.2-т зааснаар хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний дагуу хариуцлага тооцно.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ Э.Батцэцэг

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.