МСҮТ болон Их, дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор болов

БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар сайд болон бусад сайд нар мэдээлэл өгч байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдөр Монгол Улсад коронавирус илрээгүй боловч урьдчилан сэргийлэх ажиллагааг сайтар хэрэгжүүлэх нь чухал учраас бид дараах шийдвэрийг гаргалаа. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмч эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох, маск, халуун хэмжигч, мананцар үүсгэж халдваргүйжүүлэгч зэрэг тоног төхөөрөмжийг авах зардлыг шийдэхээр боллоо.  

Хилийн боомтоор зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг 2020 оны 1-р сарын 30-ны дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Ингэхдээ явган болон авто тээврийн хөдөлгөөнийг хамруулж байгаа бөгөөд агаарын тээвэр болон галт тэргээр зорчих хөдөлгөөнийг оруулаагүй гэв.

Их, дээд сургууль болон МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор боллоо. 

Найрамдал зуслан болон хүүхэд хамруулсан, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг мөн хугацааг хүртэл зогсоохоор боллоо. 

Цахим болон теле хичээлийг зохион байгуулна. 

БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудыг даруй авчрах асуудлыг шийдвэрлэхийг Шадар сайд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт даалгасан" гэлээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.