Ерөнхий сайд 26 жилийн өмнө гэрт нь байрласан япон айлаа Монголд зочлохыг урьжээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал тус улсын Аомори мужийн захиргааны байранд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 26 жилийн өмнө гэрт нь байрлаж байсан айл болох Митоши Такамурагийн гэр бүлийнхэнтэй уулзжээ. Уулзалтад Митоши Такамура сан эхнэр Юмико Такамура, охин Томоми Янагизава зургаан сартай охины хамтаар хүрэлцэн ирсэн байна. 

Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Батжаргал М.Такамура санд хандаж “хүсэлтийг хүлээн авч цаг зав, сэтгэл гарган Аомори хотод хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тэртээ 24 жилийн өмнө Аомори мужид ирсэн тухайгаа анх дурсан хэлж, “хоум стэй” хийсэн Танай гэр бүлтэй тогтоосон холбоогоо сэргээх хүсэлт илэрхийлсэн. 

Өнгөрөгч 2019 оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог жавхлант Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох үеэрээ мөн энэ тухайгаа дахин илэрхийлж, Танай гэр бүлийг Монгол Улсад урих тухай ярьсан. Ийнхүү Япон Улсын Гадаад хэргийн яамны тусламжтайгаар бид бүхэн уулзаж байгаад баяртай байна.” гээд  Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн захидлыг уншиж танилцуулан, ёслол хүндэтгэлтэйгээр түүнд гардуулав.

М.Такамура, “Маш их баярлалаа. Сэтгэл сайхан байна. Гэнэтийн зүйл боллоо. Манай гэрт гадаадын зочид цөөнгүй ирж “хоум стэй” хийж байсан ч 26 жилийн өмнөх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бидэнд маш дотно сэтгэгдэл үлдээсэн. Түүнийг Ерөнхий сайдын хариуцлагатай албанд томилогдон ажиллаж байгааг дуулаад их баярласан. Өнөөдөр Элчин сайд Танаар дамжуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас энэхүү халуун дотно үгтэй захидал хүлээн авсандаа бид баяртай байна.” гэв.

Элчин сайд Д.Батжаргал Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс М.Такамура-д  илгээсэн “Их нүүдэл” хэмээх бүтээлийг тайлбарлан гардуулж, түүний аав, эхнэр, хоёр охинд Ерөнхий сайдын гарын бэлгийг өгөв. 

Элчин сайд Д.Батжаргал: “Таныг болон Танай гэр бүлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын үеэр буюу энэ оны долоодугаар сард манай улсад морилон саатахыг санал болгосон. Та бүхний манай улсад зорчих аяллын хөтөлбөр гаргах, зохион байгуулалттай холбоотой асуудалд манай ЭСЯ-ны зүгээс бүх талаар дэмжин ажиллах болно” хэмээгээд “Монгол, Японы харилцааны уг үндэс нь иргэд хоорондын харилцаан дээр оршдог гэж би боддог. Манай хоёр улсын дотно хамтын ажиллагааны бодит илэрхийлэл болохуйц гайхалтай үйл ажиллагааны нэгэн хэсэг болж буйдаа баяртай байна” хэмээн ГХЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.