Ачилтын компаниуд чанга яригчаар зарлаж, иргэдийн утсанд мессеж илгээдэг боллоо

     Ачилтын компаниуд чанга яригчаар зарлаж, иргэдийн утсанд мессеж илгээдэг боллоо

`

Өнөөдрөөс эхлэн ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессежээр илгээдэг боллоо.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг холбогдох албаныханд  үүрэг болгосон.

Тус үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж журамлах албанд хяналт шалгалт хийсэн байна.

“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар ачилтын компаниудын үйл ажиллагааг зохицуулж байгаа аж.  Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “2015 онд баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг өнгөрсөн оны зургадугаар сард шинэчилсэн. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон. Дүрэм журмаа биелүүлээгүй дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид ч иргэдэд мэдээлдэггүй дүрэм журмаа зөрчсөн компаниудад хариуцлага тооцно. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх нь ямар дүрэм зөрчиж, автомашинаа хаана журамлуулснаа мэдэхгүй ийш тийш залгаж, цаг хугацаа алддаг учраас одоо гар утсанд нь мэдээлэл өгдөг боллоо” гэв.

Ажлын хэсэг энэ сарын 10-н хүртэл хяналт шалгалт хийх аж. Иргэд автомашинаа ачуулаад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт өнгөрсөн онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнх хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг талаар мэдээлсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.