СГЗ.Л.МӨНХТӨР:ЧАРДАГ БИД ХОЁР

СГЗ.МОНГОЛЫН РАДИОГИЙН СУРВАЛЖЛАГЧ, СЭТГҮҮЛЧ,  ЯРУУ НАЙРАГЧ  Л.МӨНХТӨР:                                                                    ЧАРДАГ БИД ХОЁР

Ихийн их Алтай минь гээд залбирахаар дэргэд хүрээд ирэх шиг сүүн зулайгаа өргөн ихэмсэглэх Сутай хайрхан. Энэ хайрханыг тойроод Ховд, Говь-Алтайн дөрвөн сумыхан тал талаас нь залбирч аж төрнө. Энэ мөнгөн залаат уулын яг өвөр дээр нь олон сайхан уран бүтээлч төрсөн хувьтай. Түүний нэгийг өнөөдөр амлан авлаа. Тэр бол Гочоогийн Чардаг болно. Энэ их сонин нэр. “Монгол хэлний их тайлбар толь”-д ч ороогүй, “Монгол хүний нэрийн толь”-д ч тэмдэглээгүй. Эрээд олдошгүй эрдэнэ бололтой. Сураад олдошгүй сувд гэлтэй. Монгол хэлний их тайлбар тольд /чард, чардгар, чардайх, чардайлгах / зэрэг үгнүүд байна. Язгуур нэгтэй юм. Үндсэн утга нь чардгар биетэй, туранхай гэх утганд очиж дүйж байна. Бодоод байвал тэр ер нь нэлээд чардгар булчинлаг нөхөр. Хүнтэй адилхан идээд, хүнээс илүү уугаад таргалдаггүй янзын нөхөр. Чардайгаад л байна. За энэ ч яах вэ...Хошин үнэн хоёр хосолсон гаргалгаа байлаа. Миний эрхэм андын нэг сэтгүүлч, яруу найрагч Гочоогийн Чардаг болвоос унаган их Алтайдаа шавилан суугаад энэ насыг туулж яваа уран бүтээлч. Нутаг амьтай нэгэн. Намайг анх танилцахад чардгар улаан нөхөр л байсан. Хожим нэг очоод хамт явахад Чардгар улаан нөхөр л байсан. Ойрмогхон нэг уулзахад чардгар улаан нөхөр л гүйж явна. Тэр ер нь чардгар төрсөн хүнээ...гэж алдарт сумын зааны эзэн Мягаагийн маань Пальгайтай зүйрлэмээр ээ. Тэр сайхан уран бүтээлч, шүлэг яруу найргийн өгүүллэгийн олон номтой. Алтайгаас яруу найрагт шимтэн дурласан залуус бүгд л түүний шавь байх. Чардагийнх нэгдэл дундын гэж нэршсэн Алтай хотын хойд толгойд гэртэй. Хад чулуун дундуур бид хоёр мөн ч их тоос манарган тэднийхийг зорьсон билээ. Түүний номуудыг уншиж, Алтайн араншинг ойлгож, зарим номонд нь сэтгэлийн үр дайж, бас хэвлүүлж байсан. Тэр намайг Алтай радиогийн Улаанбаатар дахь бие төлөөлөгч хэмээн онгирооно. Алтай радиогийн лого-г хүртэл зурж өгч байсан даа.

Тэр “Алтай “радиогийн дарга, манай радиогийн сурвалжлагч гээд хоёр хар аппарат зүүгээгүй ч нэг сумаар хоёр туулай буудаж чамгүй хэдэн жил зүтгэсэн анд минь юм. Нэг удаа Чардагийнд шөнө хугаслан ирлээ. Бид хоёр нэгдэл дундын өвөр дэх модон дэлгүүрээр орж, тэнд ажилладаг миний ангийн болоод миний бүл хоёр дээр аяга тагш юм эргүүлж яваад л тэр. Өглөө бослоо. Ач нь хоёр ойтой бол уу гэмээр бор хүү аяганы ширээ түшээд өвөөгөө харж байснаа ширээн дээр байсан архины шилийг зааж “Өвөө өвөө” гэж хэлсэн нь одоо ч энхрийлэл дунд минь мартагдаагүй л явна. Бяцхан хүүгийн ой тойнд ийм дүрстэй зүйл өвөөтэй хамаатай гэсэн ойлголт бат суусан байж билээ. Бид хоёр Алтайгаа нар зөв тойрч Монголын радио” Говь-Алтай аймагт радио өдөрлөгийн нэвтрүүлэг бэлтгэж хэд ч явав даа. Радиогийн унаагаар ч явсан. Сум хооронд өртөөчлөн хүргүүлж ч явсан даа. Тэр бүхэнд хол замд юу эсийг ярихав дээ. Сумаас сум танилаас танил дамжин харин ч зугаатай аялал болдог сон. Тэр хоржоонтой элдэв юмыг хошигнон зүйрлэж найз нөхдөө цаашлуулах сүрхий мэргэжилтэй. Цаадуул нь ч зүгээр байхгүй. Нэг очиход Чардагийн 32 цагаан лонх аятай юм эхлэл төгсгөлгүй яриад инээдэм бэлэглэн уггтаж байж билээ. Чардаг-чирдэг-дардаг....гээд 32 үйл явдал болгоод нэг амьсгаагаар тоолж байсан юм бол уу даа. Манай Чардаг бол олон сайхан дуутай хүн. Түүний дундаас нэрийн хуудас болсон нь Алтайн өвөрмөц дуучин Н.Энхбатын дуулснаар сонсогч олонд хүрсэн “Сутай зүгийн нутаг” бөлгөө..

АЯ. ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ЦЭРЭНДОНДОВ   ШҮЛЭГ. ЯРУУ НАЙРАГЧ Г.ЧАРДАГ

                                                СУТАЙ ЗҮГИЙН НУТАГ  ДУУЧИН Н.ЭНХБАТ

СУТАЙ ЗҮГИЙН НУТАГ МИНЬ 

НАРТАЙ Л ДУУЛДАХ ЮМ ДАА 

НАРАН ТОГОРУУ ШУВУУД НЬ ХӨ

ТИЙШЭЭ Л НИСЭЖ БАЙГАА ДАА 

Дахилт: СУРГИЙГ НЬ СОНСОЖ ЯВАХАД 

              СЭТГЭЛ НЯЛХРААД БАЙДАГ 

             СУМ НУТГИЙН БҮСГҮЙ МИНЬ

             ТЭНДЭЭ Л СУУГАА ШҮҮ ДЭЭ

СУТАЙ ЗҮГИЙН НУТАГ МИНЬ 

ЗУНТАЙ Л ДУУЛДАХ ЮМ ДАА 

НАРАН ТОГОРУУ ШУВУУД НЬ ХӨ 

ТЭНДЭЭ Л ЦЭНГЭЖ БАЙГАА ДАА

Дахилт:НЭРИЙГ НЬ СОНСОЖ ЯВАХАД 

             СЭТГЭЛ НЯЛХРААД БАЙДАГ 

              НЭГЭН НАСНЫ ХАЙР МИНЬ 

              ТЭНДЭЭ Л СУУГАА ШҮҮ ДЭЭ

СУТАЙ ЗҮГИЙН НУТАГ МИНЬ 

БУДАНТАЙ Л ДУУЛДАХ ЮМ ДАА

НАРАН ТОГОРУУ ШУВУУД НЬ ХӨ

НААШАА Л БУЦАЖ БАЙГАА ДАА

Дахилт: ЗУРГИЙГ НЬ ХАРЖ СУУХАД 

              СЭТГЭЛ ЗАЛУУЖААД БАЙДАГ 

              ЗАЛУУ НАСНЫ ХАЙР МИНЬ 

              ТЭНДЭЭ Л СУУГАА ШҮҮ ДЭЭ....

Нутаг амьтай, нутгаа л гэсэн нутагтаа очихоор уулздаг, уулзахаараа ярьдаг, ярихаараа ёжилдог, тэгээд хөөрдөг хөөрөхөөрөө бууж иртлээ сүрхий уддаг анд минь. Нутгаа сайн манаарай. Тонхил нутгийн чардгар уулчдын нэг уулын спортын мастер Гочоогийн Чардаг гэж сайхан анд минь урт насалж ууландаа авирч чардгар биеэ чардайлган давхиад байгаарай.

СГЗ.МОНГОЛЫН РАДИОГИЙН СУРВАЛЖЛАГЧ, СЭТГҮҮЛЧ,  ЯРУУ НАЙРАГЧ  Л.МӨНХТӨР: 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Тэнгэрийн хүлэг Тахь (127.0.0.1)
    Сайхан дурсамж хөврүүлжээ, Чардаг ах үнэхээр сайн зохиолч шүү
    2020 оны 01 сарын 05 | Хариулах