Хуурамч мэдээлэлтэй “дайтах” FactCheck.mn сайт нээлтээ хийлээ
2020 оны босгон дээр Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны бие даасан, мэргэжлийн, ашгийн төлөө бус редакц болох FactCheck.mn сайт өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус сайтыг Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв болон Дойчи Велле академийн хамтран хэрэгжүүлж буй Fact Check Mongolia хөтөлбөрийн хүрээнд нээж буй бөгөөд хэвлэл мэдээллийн 16 редакц хөтөлбөрийн гишүүн, хамтран ажиллагчаар ажиллах юм байна.
Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрч байна.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага нэн шаардллагатай болж буй тул энэхүү сайтыг нээн ажиллуулж байгаа аж.
FactCheck.mn сайтын редакц нь мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байна.

Сайтын нээлтийн үеэр Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал, “Fact Check Mongolia” хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тамир “Иргэдийн дунд сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл хуурамч мэдээлэл түгээж байна гэх ойлголт нийтлэг ч үнэн хэрэгтээ иргэд сошиал медиад хуурамч мэдээллийг түгээгч болж байдаг. Энгийн мэт боловч олон хүний эгдүүцлийг хүргэсэн нэгэн жишээг эргэн саная. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр нэг залуу утсаар ярингаа Путинтай гар барьж байгаа зураг цахим орчинд тархсан. Тухайн үед ямар нэг хар буруу санаагүй фотошопоор зургаа засаж янзалсан ч эргээд маш олон хүний шүүмжлэлийг хүлээсэн шүү дээ. Энэ мэтчилэн санаатай, санамсаргүй хуурамч мэдээлэл маш их байна. Хуурамч мэдээлэл сонгуулийн жилд хамгийн их болдог. Тиймээс бид цахим орчин, олон нийтэд түгсэн хуурамч мэдээллийн үнэн зөв эсэхийг нягталж шалгаж, зөвийг зөвөөр, худлыг худал гэж мэдээлж байх юм. Уншигч төдийгүй мэргэжлийн байгууллагууд ч бидний нягталсан мэдээллийг эх сурвалжийг дурдаад ашиглах боломжтой” гэв.
Тус сайт “Нягталсан мэдээлэл”-ийг уншигчдад хүргэхээс гадна хуурамч мэдээллийг хэрхэн нягталж шалгаж болох арга, зөвлөгөөг хүргэх юм. Мөн уншигч хуурамч гэж бодож буй эсвэл эргэлзээтэй мэдээллийг илгээн шалгуулах боломжтой.
FactCheck.mn сайтад нийтэлсэн мэдээллийн өмнө
Улаан тэмдэглэгээ байвал худал
Ногоон тэмдэглэгээ байвал үнэн
Шар тэмдэглэгээ байвал 100 хувь үнэн эсвэл худал биш гэсэн үг юм байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл тус санаачилгад нэгдэж байгаа бөгөөд гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Мэдээллийг нягтлан шалгах ёс зүй хоёр бол ах дүүсийн хамааралтай, салгахын аргагүй зүйл. Учир нь ёс зүйн кодын 1.1-т заасан “Сэтгүүлчид зөвхөн үнэн, зөв мэдээллийг олон нийтэд түгээнэ” гэснийг баримтлан ажиллаж, хуурамч мэдээлэлтэй тэмцэн, үнэнийг мэдээллэхэд тал бүрийн оролцоо чухал. Хэвлэлийн зөвлөл ёс зүйн кодыг тогтоож, хөгжүүлж, хэрэгжүүлдэг байгууллага. Өнгөрсөн таван жилийн хугацаанд манайд нийт 333 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн. Эдгээр гомдлын 80 орчим хувьд редакц ёс зүйн алдаа гаргасан байдаг бөгөөд таван гомдол тутмын нэг нь мэдээллийг нягталж, шалгаагүйгээс алдаа гаргасан байдаг. Тиймээс сэтгүүлчдийн нягталж шалгах чадварыг улам сайжруулан сэтгүүл зүйн салбарын нэр хүндийг өсгөн нэмэгдүүлэхэд тус сайтын бас нэг зорилго гэж харж байна” гэсэн юм.

Есдүгээр сараас Fact Check Mongolia хөтөлбөрийг Дойчи Велле академи болон Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран эхлүүлж, нээлттэй зарласны үндсэн дээр хэвлэл мэдээллийн 16 редакц нэгдээд байна
.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн сургалтыг явуулсан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан NTV телевизийн сурвалжлагч Б.Болор-Эрдэнэ “Бид өнгөрсөн хугацаанд МЭССТТ-ийн багш нар болон Дойчи Велле академийн багш нараасаа гэрэл зураг, видеог хэрхэн нягталж шалгаж болох талаар маш үнэтэй хичээлийг сурсан. Тухайлбал, зургийг хараад энэ зураг эх зураг мөн үү, анхны эх сурвалж нь хэн юм, хэзээ нийтэлсэн болоод хаана авсан зураг болох, фотошопоор янзалсан байна уу гээд олон чадварыг суралцсан. Бичлэг дээр ч мөн бид эдгээр мэдээллийг нягталж сурсан. Хуурамч мэдээлэл маш хурдтай олон хүний сонирхлыг татдаг ч хэвлэл мэдээллийнхэн, тэр дундаа factcheck.mn маш чанга дуугаар хуурамч хэмээн зарлахад тус болно гэж итгэж байна” гэсэн юм.