ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ТЕГ-ын дарга Л.Гэрэл, хурандаа М.Энх-Амар нарт генерал цол олголоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өнөөдөр тохиож байна. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат шагнал гардуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн н/02 дугаар зарлигийг тус тус үндэслэн:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Сайннямбуугийн Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Мангалсүрэнгийн Энх-Амар нарт Бригадын генерал цол олголоо.
Цол олгох ёслол өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, генерал цолын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.
Ерөнхийлөгчийн зарлигаар ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавыг "Генерал" цолоор шагналаа. С.Баатаржав Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академийг төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. ЦЕГ-ын дарга С.Баатаржав анх Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Сүүлд Нийслэлийн цагдаагийн дарга, ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан. Түүнийг цагдаагийн байгууллагын ажлыг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хэмээн үзэж, генерал цол олголоо.
