
ЧИМИД БАГШИЙНХАА ТУХАЙ (эргэцүүлэл, дурсамж)
Эгэл мөртлөө эгэлгүй хүмүүн, багш минь байлаа
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийнхаа тухай дурсамж бичих нь миний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй олон зүйлийг эргэцүүлэн бас ч гэж багагүй хугацаа өнгөрөөлөө. Б.Чимид багш маань бидний хувьд хүрч боломгүй цаст уулын орой байсныг л мэдэрч, бахархаж, байсныг юуны өмнө тэмдэглэхийг хүсэж байна даа.
Б.Чимид багшийнхаа тухай олон сайхан дурсамж, сэтгэгдэл тээж үлдсэндээ, тэр болгоныг багшийнхаа бүтээлийг унших бүрт сэргэж, багштайгаа энэ цаг үед хамт байж хөмөрт нь олон ч судалгааны төсөл, ажлуудын ард нь гарч байсандаа их азтай хүнд өөрийгөө тооцдог юм.
Б.Чимид багшийнхаа амьдралын сүүлийн жилүүдэд нь туурвисан зарим нэг томоохон бүтээлүүдэд нь хамтран ажиллах завшаан тохиолдож, өөрийн хийснээ ажлууддаа зөвлөгөө авч, үг сургаалийг нь сонсож явсан хүний хувьд багшийнхаа талаар дурсамж бичих болсондоо бэлэгшээн, хэдэн хоног бодсоны эцэст чадан ядан үг, өгүүлбэр холбосон минь энэ болой.
Хуулийн оюутнууд бид 90-ээд оны эхэнд хоёр нийгмийн заагт ёстой л нэг марксизм, ленинизмыг нь үзэж, ардчилал, зах зээлийг хүлээн авч, бүхий л зүйл сайн сайхан болно гэдэгт итгэл төгс тэмүүлэлтэйгээр оюутны амьдралыг туулж, шинэ нийгэмтэй нүүр тулсандаа.
Тухайн үеийн МУИС-ийн Нийгмийн ухааны факультедийн хуулийн тэнхим 10 гаруй багштай, 100 гаруй оюутантай цомхон бүрэлдэхүүнтэй хамт олон социализмын үүдийг хааж, 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаар хууль зүйн сургалтын хөтөлбөрүүд бүхэлдээ өөрчлөгдөж, өмнө үзэж, судалж байсан салбар эрх зүйн болон онолын суурь хичээлүүдийг дахин судлах, харьцуулах зэргээр профессор багш нарт маань төдийгүй оюутан бид багагүй хүч хөдөлмөрийг зарцуулах шаардлага тулгарч байсныг тэмдэглэхийг хүсэж байна.
Бидний багш нар доктор, профессор И.Дашням, доктор, профессор Т.Сэнгэдорж, профессор Д.Шаравнямбуу, доктор, профессор С.Төмөр, доктор, профессор Ц.Сарантуяа, доктор, профессор Д.Солонго, доктор, профессор Х.Сэлэнгэ, доктор, профессор Чинбат, доктор, профессор Д.Жаргалсайхан гээд л ёстой нэг “ланжгар” хүмүүс байлаа. Тэд нар маань бүгд л Б.Чимид багштай хамтран ажиллаж, зарим нь шавь нь гээд бодохоор бас л бидний хувьд миний хувьд том аз завшаан гэж боддог юм даа.
Б.Чимид багшийн хэд хэдэн удаа шинэчлэн туурвисан “БНМАУ-ын захиргааны эрх зүй /ерөнхий анги/” бүтээл нь үе үеийн захиргааны эрх зүйчдийг бэлтгэсэн төдийгүй Монгол Улсад “Захиргааны эрх зүй” хэмээх салбар эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үндсийг тавьсан томоохон бүтээл туурвисан нь одоо ч гэсэн шинжлэх ухааны үнэ цэнээ алдаагүй бөгөөд ялангуяа уг бүтээлийн онолын хэсэг нь гайхалтай бичигдсэн гэдэгтэй энэ цаг үеийн захиргааны эрх зүйчид бүгд санал нэгтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хувьд 1995 онд тус сургуульдаа багш болж багш нарынхаа удирдлагад захиргааны эрх зүй, санхүүгийн эрх зүй, төрийн удирдлага, төрийн хяналт шалгалт зэрэг хичээлүүдийг хэдэн жил зааж, хажуугаар нь монголын төр, эрх зүйн түүх /тухайн үеийн нэрээр/-ийн чиглэлээр судалгаа хийх гэж оролдож хичээлийн конспект бэлтгэх, түүнийг багш нараараа үзүүлж, батлуулах гэж хэрэндээ л хичээдэг байлаа. Тэр болгонд минь багш нар маань урам хайрлаж, урамшуулдаг байж билээ. Нэг удаа тэнхимд Б.Чимид багш С.Төмөр багштай хамт орж ирээд “за залуу юу хийж суун даа” гэж их л сүрмээр өнгө аястай асуухаар нь айсандаа “хичээлдээ бэлтгээд” гээд л өөртөө итгэлгүйхэн дуграх аядсан чинь “чи чинь санхүүгийн эрх зүй зааж байгаа гэл үү” тийм л гэлээ, гэтэл “аан тийм үү” гэчихээд “надад орос дээр хэд хэдэн шинэ ном байгаа түүнийг аваад уншаарай” гэхээр нь би “дотроо баярласан гэж жигтэйхэн” үг дуугүй “за” гэж хэлчихээд дотор жаахан тайширч билээ. Энэ үйл явдал одоо санах нь 1995 оны намар орой л болсон хэрэг. Айдгийн учир юун хэмээвээс Чимид багш юу асууж баллах бол гэсэн томоос том айдастай л байсан хэрэг шүү дээ. Түүнээс хойш хэд хоногийн дараа багштай төрийн ордон дахь өрөөнд нь уулзан хэд хэдэн ном авсан нь бүгд тухайн үеийн орост хэвлэгдсэн санхүүгийн холбогдолтой ялангуяа санхүүгийн аудиттай холбоотой бүтээлүүд байсан даа.
Хожим бодох нээ Чимид багш манай улсад “санхүүгийн аудитын эрх зүйн үндэс”-ийг тавих гэж, энэ чиглэлээр жаахан юм оролдож магадгүй гэж над мэтэд итгэж байсны илрэл байсныг хожим нь ухаарч билээ.
Б.Чимид багш маань МУИС-д анх монголын эрх зүйн түүх хичээлийг зааж багшлах гараагаа эхэлж байсан тухай надад үе үе хөөрч, сонирхолтой түүх, хөгжилтэй үйл явдлуудын талаар жогтой нь аргагүй ярьж, миний санаа бодлыг голохгүйгээр сонсож, хийж байгаа судалгааны маань ажилд минь урам зориг өгч, бичсэн өгүүлэл, илтгэлийг минь засаж өгдөг байж билээ. Багш 25 дугаар телевизийн “Би” гэсэн нэвтрүүлэгт орж байсан санагдана. Тэр нэвтрүүлгээр миний судалгааны бүтээлийн зарим хэсгийг засаж байгаа хэсэг дүрсэнд нь орсон байж билээ.
Би яахав багшид үзүүлэх зүйлээ тэгэсхийгээд зүглүүлээд орхидог юм хойно. Б.Чимид багш харин ч нэг хүний бичсэн зүйлийг ч ёстой нэг хайр найргүй засна шүү дээ, тэр ч миний ажилд ус агаар мэт хэрэгтэй үнэтэй байж, одоо ч гэсэн яаж нэг багш шигээ ингэж товч бөгөөд тодорхой бичиж, хэлж сурья даа гэж байнга л бодож, багшийгаа мөнхөд амьд байх юм шиг сэтгэж, байхад нь тэгэхгүй яав даа гэх харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдгийг нуух юун. Харин Б.Чимид багшийн адил Академич Ж.Амарсанаа багш харин ч нэг хүний юмыг ч ёстой нэг хайр найргүй цоохорлоно доо.
Миний сэтгэлд их тод үлдсэн нэгэн дурсамжийг өгүүлэхгүй байж чадахгүй нээ.
Монголын эрх зүйн түүхийн эх сурвалжуудыг судлахад өөрийн гэсэн арга зүйтэй болдог бололтой. Багш Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 4 давхарт тус хүрээлэнгийн захирал /тухайн үед Академич Ж.Амарсанаа багш хүрээлэнгийн захирал байсан/-ын өөдөөс харсан жижигхээн умгар өрөөнд суудаг байж билээ. Ж.Амарсанаа багштай хамтран хэрэгжүүлж байсан төслийнхөө талаар үүрэг авчихаад гараад иртэл Чимид багштай өрөөнийх нь үүдэн дээр нүүр тулчихваа, за хө ороод ир гээд “бөөн цаас болсон” өрөөнд нь дагаад ортол, өмнөөс нөгөө л уламжлал ёсоор “за юу хийж байна, сонин сайхан юу байна” гэж асуугаад хариулахын завдалгүй Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэнд холбогдох нэр томьёо, үгийн гарал үүслийн талаар хийж байгаа судалгааныхаа гар бичмэлийн нэг хуудсыг аваад ширээн дээрээсээ аваад өгөхөд нь яаж ингэж ажиллаж, ямар их хүч хөдөлмөр зарцуулж байгааг өөрийн биеэр мэдэрч байсныг үгээр хэлэхэд ч багадахаар, багшаараа бахархаж билээ. Энэхүү бүтээл нь эдүгээ гаргаагүй байгаа нь харамсалтай, гэхдээ багшийн гар бичмэл нь тэр хэвээр сэтгэлд минь хадгалагдан үлдснийг хэлмээр санагдлаа.
Багш надтай энэхүү судалгааныхаа талаар хэсэг хугацаанд санал солилцсон юм даг. Гэхдээ надтай санал солилцох юу байхав дээ, би л багшийн хоргоож байгаад л жаахан яриулахгүй юу. Багш бид хоёрын ярианд Ж.Амарсанаа багш нэмэгдэж, би ярианыхаа далиманд “Монгол Улсын Үндсэн хуулиудын бүх үг, нэр томьёо-г хэрхэн өөрийнхөө судалгаанд ашигладаг талаар хоёр багшдаа жаахан тайлбарлатал, Ж.Амарсанаа багш Б.Чимид багштайгаа ярь гээд гараад явчихваа, би гэдэг хүн багшаас жаахан бэргээд тэгсхийгээд бидний яриа өндөрлөх тийшээ хандаж, байтал “хүү минь судлаачдад хэрэгтэй л зүйл байна даа” гэснээр Ж.Амарсанаа багшийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Үндсэн хуулийн үгсийн чуулган” бүтээл мэндэлсэн түүхтэй.
Академич Ж.Амарсанаа багш, төрийн соёрхолт түүхч, доктор, профессор О.Батсайхан нарын хамтран туурвисан “Монгол Улсын Үндсэн хууль” бүтээлд Б.Чимид багш томоохон хэмжээний оршил бичсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийг бүхэлд нь дүгнэсэн бүтээл болсон юм. Нэгэн удаа тэрхүү бүтээлийн оршил хэсгийн талаар багштай ярих боломж олдож, би гэдэг хүн санаа бодлоо хэлтэл “сайн судлах хэрэгтэй дээ хүү минь, монголын үндсэн хуулийн хөгжил улсын маань юм шүү дээ” гэсэн гүн агуулгатай зүйл хэлэхэд нь их л урамшиж, 2017 онд багшдаа хэлж байсан санаагаа гүйцэлдүүлж “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” бүтээлээ түмэнд хүргэсэн юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийнхаа тухай ингээд бичээд л байвал олон зүйлийг нурших нь илүүц хэмээн энэ их эгэлгүй мөртлөө эгэл биш, багштайгаа нэгэн үед хамт амьдарч, нөмөр нөөлөгт нь бараадан явж байсандаа бахархаж байдгаа цөөн хэдэн үг, өгүүлбэрээр илэрхийлэхийг хичээсэн сэтгэлийн өглөгөө энд хүрээд өндөрлөв.
БАГШ ДОР МӨРГӨМҮЙ. Б.БАЯРСАЙХАН