МУГЖ.Ч.Бат-Эрдэнэ Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар МУГЖ. Ч.Бат-Эрдэнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр томилж  ажлаа хүлээн авсан байна.

Нийтийн дууны урлагийн  төлөөлөгчдийн нэг  МУГЖ. Ч.Бат-Эрдэнийн  СУИС-ийг уртын дуу дуулаач мэргэжлээр төгсөж  улмаар  Соёл урлагийн магистр, Удирдлагын академид магистр, докторын зэрэг хамгаалж, Ирланд улсад менежментийн чиглэлээр хоёр жил сурчээ. 

Уран бүтээл, ажлын гараагаа Үндэсний урлагийн их театраас эхэлж,  мөн чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад

2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн

2009-2010 онд Яруу найрагч,  хөгжмийн зохиолч, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч

2014 онд Соёлын дээд сургуулийн захирал

2014-2017 онд СУИС-ийн дэд захирал

2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдсон байна.

МУГЖ.Ч.Бат-Эрдэнэ нийгэм, улс төрийн амьдралд тун идэвхтэй,торгон мэдрэмжтэй өөрийн гэсэн үзэл бодолтой, алс холын  том зорилго тэмүүлэлтэй нэгэн бөгөөд Говь-Алтай аймгийн УБ хот дахь нутгийн зөвлөл,Халиун сумын нутгийн зөвлөлд сонгуульт албатай.Нэг нутаг усны ах УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хамгийн ойрын шадар зөвлөх.

СУЙС-ийн оюутан байхдаа яруу найрагч Н.Баянмөнхийн ''Зүүдэнд ирдэг уран гоо'' хэмээх шүлгэнд аялгуу зохион МУГЖ.С.Жавхлан  дуулж  олны хүртээл болгожээ. СТА.Дуучин Д.Намсрайноровын дуулсан  ''Дурлан дурлан хайрламаар''( Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна), СТА.Дуучин П.Идэржавхлангийн дуулсан ''Дорнын бүсгүй'' гээд түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон хийт дууны ая зохиогч.

Тус албан тушаалд өмнө нь Ж.Дамдинцэрэн томилогдон ажиллаж байсан ч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаар 2019 оны зургаадугаар сарын 5-нд хотын дарга С.Амарсайхан ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Мундаг сэтгэлтэй , сэтгэлгээтэй залуу шүү Сумын 50 60 жилийн ойд ямар их зүтгэдэг гээч Ёстой мундаг
    2019 оны 12 сарын 10 | Хариулах