ТЭНГЭР МЭДНЭ

Өндөр дээд Бурхан Халдун, Өглөгчийн хэрэм, Гурван нуурын өнчин цагаан хөшөө, Хэрмэн зам, өнө эртний хирэгсүүр, Аурга хотын туурь, өвгөн түүхтэй холбоотой уул уснаас өөр өндийх түүхгүй Их хааны минь нутаг.

Буурь туурьхан төдийгөөр харийнхан өмнө Хааны нутаг энэ хэмээн будилж нэрлэж, бусдын өмнө итгэлгүйхэн тайлбарлаж ирсэн Монголчууд минь.
Иран Ирак, арабын оронд үлдсэн Зүчи, Сорхугтан хатны дурсгал, Ил мөрөн баруун европт орхигдсон Бага хаадын дурсгал, Бат хааны орд, Юань гүрний харшын дэргэд ичингүйрч ирсэн эх түүхийн улбаа минь.

Уг нь Онон, Хэрлэн, Туул голын сав нутагт улс минь үүсэж гүрэн минь өндийсөн юмсан. Дэлхийн суут хүн Чингис их хаан чинь энд, энэ нутагт хүй цөглөсөн хүн болсон юмсан.
Их хааны амьсгал отголсон /нас барсан/ Ордос нутагт ордон нь босчихсон байхад анх мэндэлсэн нутагт нь 800 жилийн түүхэнд өнчин ганц хөшөө, чулуун овоо хоёроос өөр бид юу ч босгосонгүй.
Хүн төрлөхтөний төрт ёсны түүх эндээс эхэлсэнийг дэлхий мэднэ ээ. Хүүхдүүд нь үе залгасан үр хойчис нь түүнд зориулж юу бүтээсэнийг ертөнц харин хараагүй, сонсоогүй, үзээгүй.
Харин одооноос л бүтээх гэж, босгох гэж зорьж зүтгэж, төсөөлөн мөрөөдөж, төсөв төсөл, хөрөнгө оруулалтыг даллаж байна.
Улсын төсөвийн ихэнхийг Хэнтийн хоёр сайд аваад явчихлаа гэж уургын хуйв богинотой улс төрчид улиглаж байна.
Уучлаарай Их хааныхаа нэрээр архиа гударч, улс гүрнээс гуйлга гуйж луйвар хийж явсан улс төрчид өө, нам эвсэл, бүлэглэл ээ уртаар харж цээлхэн бод!!!
Өнөөдрийн төсвөөс орж буй 145 тэрбум төгрөг маргаашийн хааны нутагт босох бүтээн байгуулалтын ганцхан сарын орлого ч байж мэднэ.

Өнөөдрийн бүтэн улсын төсөв маргааш Их хааны цогцолборын хагас жилийн ашиг ч байж мэднэ.
Гэхдээ уул ухахгүй, ус ширгээхгүй, баялаг цөлмөхгүй, байгал сүйтгэхгүй эх түүхээрээ, Эзэн хаанаараа ирээдүйд өлхөөн олчих орлого.
Та нарын атаархаад байгаа Хэнтийн бүтээн байгуулалтын 145 тэр бум төгрөг энэ их бүтээн байгуулалтад очих замын дэд бүтэц, дайран өнгөрөх сумдын өнгө төрх, аймгийнх нь хөгжилд зориулагдана.
Хоцрогдсон сумд, хойргодуухан хөгжилтэй аймгийн төвөөр дайруулан дэлхийн жуулчдыг хөтлөн Их хааныхаа цогцолборт хүргэх нь тийм ч таатай байхгүй нь л лав.
Харин Их хааны төрсөн нутагт босох түүхэн цогцолборт дэлхийгээс хөрөнгө босгоно.

Тэнд дэлхий хөрөнгө оруулна. Хамтран ажиллаж харилцан ашигтайгаар түүхэн аялал жуулчлалын хот босно. Грекийн Афин, Хятадын хориотой хот, Ордос, Италийн Ром шиг түүхэн аялал жуулчлалын төв болно.
Дайран өнгөрөх сумд бүрт түүхэн цогцолбор Биндэр суманд Их хуралдай өргөө, БаянАдрага суманд Монгол хатадын цогцолбор, Норовлин суманд Их Засаг-Шихихутаг цогцолбор, Батноров суманд Боорчи-Андлалын өргөө.
Дадал суманд ОУ-ын нисэх буудал, Тамгат Чингис хөшөөт цогцолбороос эхлүүлээд орд харш, театр музей, зочид буудал, түүхэн байгууламжууд төлөвлөгдөж хөрөнгө оруулалтаа татаж эхлүүлээд байна.

Их хаандаа, Төрт улсын аугаа түүхэндээ зориулж 800 жил наадам, найраас өөр бодит зүйл хомс зориулсан Монголчууд аа уриалж анхдагч болон Хүрэлсүх, ОюунЭрдэнэ хоёр мянганы бүтээн байгуулалтаа эхлүүлж буй нь энэ. Тэд нутгархаж Хэнтийд ээ гэсэнгүй Монгол доо, Хаан түүхэндээ, Хамаг эсгий туурагтандаа зориулж энэ түүхэн цэг дээр ИХ БАХАРХАЛ- ыг босгох гэж зорьж буй нь энэ.

Энд би нуршихыг үл хүсэв. Эзэн хааны төрсөн газар, Их Монгол үүссэн нутагт хоёр сайдын зорьсон үйлс бүтвээс Монголчууд бидний сүлд сэргэж, Мөнх дээдсийн сүнс баярлахыг эсэхийг ТЭНГЭР МЭДНЭ.





2019 оны 11р сарын 27 буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Чингис хааны мэндэлсэн өдөр гэх энэ өдөр үзэглэв.
Сэтгэгдэл (1)