ДИЛАВ ХУТАГТ Б.ЖАМСРАНЖАВ (1884-1965) ӨӨРИЙН НАМТАР. Төгсгөлийн 11-р хэсэг.

ДИЛАВ ХУТАГТ Б.ЖАМСРАНЖАВ (1884-1965) ӨӨРИЙН НАМТАР. Тэр үеэр гэрчийн этгээдийг олсон байлаа. Тэр хүн бол шүүх хурлын анхны өдөр бид гурвыг анх оруулсан өрөөнд хэвтэж байсан улаан дээлтэй хүн мөн байлаа. Би нэрийг нь мэдэхгүй юм. Түүнийг ороод ирэхэд шүүхийн дарга "Энэ бүхний тухай чи юу ч мэдэхгүй гэсэн байхаа" гэж Цэндсүрэнд хэлэв.
Цэндсүрэн дуугаа хувирган " Үүний тухай надад мэдэх юм алга" гэлээ.
Шүүхийн дарга гэрчээс "Цэндсүрэн болон бусад хэрэгтэн нарын тухай чи юу хэлэх вэ?" гэж асуув.
- Олон хүн баригдаад байсан тэр нэгэн өдөр, тэр нэгэн цагт Эрэгдэндагва тэдний дотор байгаа гэдгийг нийтээр хараахан мэдэхгүй байсан цаг. Тэгэхэд Цэндсүрэн хоёр хэрэгтэнтэй ярьж байх нь чих дэлссэн. Тэд хүмүүсийг юуны учир баривчлаад байгааг түүнээс асуусан. Эрэгдэндагватай холбоотой байхаа даа гэж тэр хэлж байсан хэмээн гэрч мэдүүлэв.
Шүүхийн дарга Цэндсүрэнд хандаж, "Энэ үнэн үү? Чи Эрэгдэндагвын тухай ийнхүү дурсаж байсан уу?" гэж түүнээс асуув. Цэндсүрэн гэрчийн хэлснийг үнэн гэж зөвшөөрөв. Шүүхийн дарга Цэндсүрэнг "Суу" гэв. Түүнийг цааш байцаасангүй. Шүүх хурлын төгсгөлд түүнийг хөнгөвтөр шийтгэсэн юм.
19 дэх өдөр шүүх бүрэлдэхүүн цуглаад байх үеэр шүүхийн байшингийн гадна орших бидэнд зориулсан өрөөнд Намсрай ирж, бид гуравтай уулзан биднээс цаашид тодруулах чухал асуудал байгаа эсэхийг лавлахад нь, юм алга даа гэж хариулав. Тэрбээр гарч явсны хойно шүүхийн дарга биднийг нэг нэгээр нь дуудав. Бас бүгдээс нэмж мэдүүлэх зүйл буй эсэхийг нэг бүрчлэн сонирхож, байцаалт дуусах тийш хандаж байгаа тул энэ бол сүүлийн боломж гэдгийг анхааруулав. Энэхүү яриа бидний хажуугийн өрөөнд ганцаарчилсан байдалд болсон юм. Шүүхийн дарга бичгээр тэмдэглэн авч байв. Дараа нь гурвууланг маань шүүхийн бүгд хуралдаанд авчрав. Шүүхийн дарга босч, хүн нэг бүрийн тухайд мэдүүлэг дээрээ нэмж хэлэх сүүлчийн боломж гарч байгааг нийтэд зарлав. Үл ялих хэрэгт холбогдсон хоёр хүн босч, мэдүүлэгтээ нэмэлт хийсэн нь гойд шинэ гэхээр зүйл алга байв. Яллагчид өөрсдийн нэгдсэн дүгнэлтийг гаргав. Улсын яллагч нь
Ядамсүрэн гэдэг чадварлаг залуу байв. (Хожим нь цэвэрлэгээний үеэр, лав Гэндэнгийн хэргээр болов уу даа, баригдаж алах ял заагдсан гэж би сонссон билээ. Гэхдээ энэ мэдээлэл хэр үнэн зөвийг би мэдэхгүй. Ядамсүрэн хэргийн хүнд хөнгөний талаарх яллагч нарын саналыг дүгнэж хэрэгтэн 10 хүнд алах ял оногдуулахыг шаардав. Эдгээр нь гурван амьд бурхан) хувилгаан Эрэгдэндагва, Шатарбал, Гомбо-Идшин, Донойжав, Бүүвэй гавж, ловон Шамар, Чойнзин цорж нар байв. Лавтайяа алах ял дуулах байх хэмээн бодож байсан болохоор өөрийн нэрийг сонсоод нэг их цочирдсонгүй.
Намсрай 10 хүнийг өмгөөлөхөөр бослоо. Түүний өмгөөллийн гол утга санаа нь:
1) Хуйвалдаан байсныг нь тогтоосон хэдий ч бүрэн нотлогдсон гэмт хэрэг үгүй байгаа,
2) Эрэгдэндагва хүнд өвчтэй ба мэдрэл муутай. Энэ бол чухал зүйл. Гэвч мөрдөн байцаалтын явцад хуйвалдааны толгойлогч хэмээн яллагч үзсэн,
3) Донойжавыг өмгөөлөхөөс татгалзаж байгаа,
4) Хэрвээ хуйвалдааны толгойлогч Эрэгдэндагвын биеийн эрүүл мэндийн байдал дорой, мэдрэлийн согогтой юм бол түүний удирдлага дор хуйвалдаанд оролцсон хэмээн яллагдаж буй хүмүүс нь яагаад ч ийм ноцтой гэмт хэрэг үйлдэх ёсгүй байсан гэсэн зүйл байлаа. Эцэст нь тэрбээр Монголын хувьсгалын 20 жилийн ой ойртож буй, шүүх ямар ч ял оногдуулж болох хэдий ч дээрхийг харгалзан хэрэгтнүүдийг өршөөн хэлтрүүлбэл яасан юм бэ гэсэн санал гаргав.
Өмгөөлөгчийг үгээ хэлж дууссаны дараа өөр нэгэн яллагч үлдсэн 28 хүний хэргийг уншин сонсгож, гуравдахь яллагч үлдсэн хүмүүсийн эсрэг үүсгэсэн хэргийг танилцуулав.
Яллагдаж байгаа хоёрдахь бүлэг хүмүүсийг 2 өмгөөлөгч хуваан өмгөөлөв. Эхнийх нь өөрт нь даатгаж өгсөн яллагдагч нарыг өмгөөлөн хэлэхдээ эдгээр хүмүүс нь цаазаар авах ял сонсоод байгаа 10 хүний заримын нь муу нөлөөнд автсан гэв. Эдгээр хүмүүсийн дотроос Эрэгдэндагва, Шатарбал болон амьд 3 бурхны нэрийг нэрлэв. Хоёрдахь өмгөөлөгч нь өмгөөлж буй хүмүүсээ хамгаалж юу хэлснийг би санахгүй байна.
Улсын яллагч Ядамсүрэн дахин босч, өмгөөлөгчдийн хэлснийг няцаав. Юуны өмнө хувьсгалын 20 жилийн ой гэдгээр халхавч
хийж хэрэгтнүүдийг өршөөн хэлтрүүлэх учир байхгүй. Зөвхөн жижиг хэргийн тухайд хэлтрүүлэх явдал гарч болох юм. Харин энэ тохиолдолд өршөөл уучлалт үзүүлэн хуулийн нэр хүндийг бууруулах ёсгүй гэв. Тэгээд цааш нь Эрэгдэндагвын ухаан мэдрэл муу гэж Намсрай өмгөөлөн хэллээ. Гэвч яригдаж буй бичгүүдтэй Эрэгдэндагва холбоотой болох нь бүрэн нотлогдсон зүйл, бичгүүдийг үзвэл тэдгээрийг мэдрэл муутай хүн боловсруулсан нь харагдахгүй байна гэлээ. Түүнээс гадна Намсрай одоогоор яг гэмт хэрэг хийсэн гэх юм алга гэлээ. Гэтэл Эрэгдэндагва хуйвалдаанаа яг хэрэгжүүлж эхэлдгийн даваан дээр баригдсан шүү дээ. Энэ нь гэмт хэрэг үйлдсэнтэй ялгаагүй. Эцэст нь Намсрай хуйвалдаан гээд яг ажил хэрэг болчихсон зүйл алга байна хэмээн өмгөөлөв. Гэтэл яллагдагч нарын нөгөө нэг бүлгийн өмгөөлөгч шууд л эдгээр хүмүүс гол хэрэгтнүүдийн тавынх нь эрхшээл нөлөөнд автсан хэмээн өмгөөлсөн ба хоёр өмгөөлөгчийн талаас гарсан зөрүүтэй санал нь хуйвалдаан хэрэг дээрээ зорилгоо гүйцээсэн гэдгийг нотлов. Шүүхийн дарга Намсрайд 15 минутын хугацаа өгч, өмгөөллөө боловсруулах буюу дахин хянаж үз гэв.
Ийм богинохон хугацаанд бүрэн тайлбар гаргаж чадахгүй хэмээн Намсрай эсэргүүцэв. Түүний хэлэх гээд байсан гол санаа бол Эрэгдэндагва автономит төрийн үед сангийн яаманд алба хашиж байгаад ухаан санаа муудсан гэдгээр халагдсан, түүнээс хойш гурван жил шахам эргүү тэнэг гэгдэж явсан нь тогтоогджээ. Эмнэлгийн хяналтад байдаг учир Засгийн газар түүнийг эрүүл хүн гэж үзэх учиргүй байлаа. Тэрбээр Хятадуудтай холбоо тогтоохоор хилийн дээс алхах гэж яваад баригдсан аж. Энэ зуур тэрбээр тэмээгээр нэг сар аялан явж, хүмүүстэй нуух хаах юмгүй ярилцаж, чиг зүг асууж явсаар баригдахад хүрсэн нь яавч эрүүл хүн бишийн нотолгоо бөлгөө. Мөрдөн шалгах ажиллагаа түүнийг бүхий л хуйвалдааныг толгойлсон гэсэн хэргийн гол учгийг эндээс барьж авсан байна. Иймэрхүү орон гаран хүнээр толгойлуулсан хуйвалдааныг хуйвалдаан гэж ноцтой үзэхэд төвөгтэй учир ямар ч нотолгоо гарлаа гэсэн энэ нь хөнгөн ял оноох буюу өршөөл үзүүлэх тусгай хэрэг байх болов уу гэсэн гуйлтаа Намсрай илэрхийлэв. Ер нь Эрэгдэндагвынх шиг байдалд байгаа хүнд, хүнд ял онооход бэрхтэй байв. Тиймээс хуйвалдаанд оролцсон гэх бусад хүмүүсийн хэрэг Эрэгдэндагвынх шиг биш учраас тэдэнд хатуу ял оноох учир холбогдол бас алга ажээ.
Шүүх хурал үд орчим өндөрлөв. Үдээс хоиш хуралдсангүй. Гэхдээ шүүхийн ойролцоох нэгэн өрөөнд биднийг байлгасаар байсан бөгөөд байнга хоригддог мөрдөнд маань аваачсангүй. Тэр шөнөдөө бараг шөнө дөлөөр шүүх дахин хуралдлаа. Бид гурван амьд бурхныг шүүхийн танхимд орж ирэхэд үзэгчид пиг дүүрэн байлаа. Хоёр эгнээ цэргээр үзэгчдийг шүүгчдээс тусгаарлажээ. Шүүгчдийн суудаг байр бараг хүнээр дүүрсэн бөгөөд сандалгүй тул тэд босоо зогсоцгоож байв. Яллагч, өмгөөлөгч, бичээч, нарийн бичгийн дарга нарын хэн хэн нь ирээгүй байв. Байцаагч нар, шүүхийн дарга ч алга байв. Тэнд байсан албаны ганц хүн нь цэргийн захирагч л байлаа.
Бидний 38 яллагдагчид суух сандал ч алга байв. Захирагч буу зэвсгээ сайн харж байхыг цэргүүддээ тушаав. Гурван амьд Бурхан ирчихээд байгаа учраас хүмүүс ийм олноор цугласан бололтой. Жирийн нэг улс төрийн хэрэг шүүж буй хуралд ийм олон хүн ирэхгүй байсан буйзаа.
Шүүхийн даргыг орж ирэхэд зохих ёсоор мэндлэх ёстой хэмээн бидэнд хэлэв. Бидэнд алах ял дуулгахаар орж ирж байгаа хүнтэй мэндэлж байдаг маань ямар ч учиртай юм болж байна даа? хэмээн би бодлоо. Тэгтэл шүүхийн дарга таван байцаагч нарын хамт орж ирлээ. Бид цөм мэхийн ёсолж, шүүхийн дарга ч хариу мэндлэв. Тэгээд шүүхийн дарга ялын тогтоол уншиж эхлэв.
"Эрэгдэндагва, Донойжав, Шатарбал, Егүзэр лам, ловон Шамар, Гомбо-Идшин, Бүүвэй гавж нарын 7 хүнийг 24 цагийн дотор буудан алах, Чойнзин цоржийг 10 жилээр хорих, Чойжин Нямааг 8 жилээр хорих гэж шийтгэсэн ба бусад олон ялыг санахгүй байна. Хамгийн хөнгөн ял авсан нь гэвэл Цэндсүрэн хоёр сараар, Эрэгдэндагвын эхнэр 6 сараар тус тус шийтгүүлэв.
Гучин найман хүнээс нийтдээ 23 хүн шийтгүүлсэн билээ. Манзушир ламыг 10 жилээр шийтгэж, ялыг нь тэнсэн харгалзав.
-Намайг 5 жилээр шийтгэж, ялыг мөн тэнссэн билээ.
Бидний ялын хугацаанд Манзушир лам бид хоёрыг хэрэв дахин баривчлах аливаа шалтгаан гарвал шууд буудан алах ёстой байв. Тэнсэн суллагдсан бид хоёроос гадна зургаан яллагдагчийг цагаатгав. Шүүхийн дарга суллагдсан найман хүний нэр дээр очин, эхлээд Манзушир лам, дараа нь миний нэрийг дуудахад цугларсан олон уртаар амьсгаа авч, бусад зургаан хүний нэрийг ч сонсож түвдэлгүй тэр дорхноо бужигнан тарцгааж эхлэв. Гэвч, мэдээж хэрэг маш олон хүн цугласан учир тэд гарцгаах гэж нэлээд удсан.
Шүүхийн дарга ялыг уншиж сонсгоод ялын тогтоол уншиж байх үеийн сүрлэг тод дуунаасаа өөр намуухнаар "Давж заалдах аливаа хүсэлт байвал өнөө орой Бага хуралд гаргах хэрэгтэй" гэв.
Дууны нь өнгөнөөс үзвэл, үүнийг олон нийтэд нэг их сонсгох гээгүй юм болов уу гэх сэтгэгдэл надад төрж билээ.
Надаас хоёр алхмын зайтай зогсож байсан Егүзэр лам урагш бөхийн "Бид хэзээ давж заалдаж болох гэнэ ээ?" гэж надаас асуув.
"Өнөө орой" гэж би хариуллаа. Суллагдахаар болсон найман хүнийг харгалзагч цэрэг авч гарах болсон тул өөр үг хэлэх цаг ч олдсонгүй. Хүнгүй газар биднийг авчирч, захирагч нэрийг маань тулгаж уншин явж болно гэв.
"Хаашаа явах вэ?" гэхэд минь тэрбээр ихэд гайхан "Гандан хийд рүү явахгүй юу" хэмээн хариулав. Тэгснээ хаашаа явахыг надад заах учиргүйгээ ойлгов бололтой, "Дуртай зүгтээ явахгүй юу" гэв.
Гарах хаалга хүн олонтой хэвээр гарахад бэрх байсан бөгөөд эцэст нь би баруун хаалгаар гарч, өмнө талаар нь тойрох юм боллоо. Учир нь намайг мэдэх хүмүүс тэнд хүлээж байгаа байх гэж бодсон юм. Тэгтэл нэвтэрч гармааргүй олон улс байлаа. Би байшинг дахин тойрох гэв. Гэтэл гудамжны хэдхэн гэрэл унтарсан тул газрын баримжаа олж авахад төвөгтэй байв. Манзушир ламд газарчилж явсан, мөн нэгэн адил суллагдсан Дамбын эхнэртэй тулгарав. Би өөрийн хүмүүсийг хайж байгаа учраа түүнд хэлбэл, тэднийг эрж олох гээд хэрэггүй гээд ханцуйнаас минь хөтлөн яаран алхлаа.
Манзушир лам өмнө нь Улаанбаатар хотод байртай байсан боловч тэр нь хураагдсан билээ. Тийм учир Дамбын эхнэр түүнийг хотын зүүн хүрээнд байдаг гэртээ аваачиж яваа ажээ. Би энэ эмэгтэйг шүүх хурлаас өмнө ер үзээгүй боловч тэрбээр нэгэнт цаг их орой болсон тул намайг хамт явъя гэв. Гэвч тэрбээр харанхуй дунд гэртээ очих замыг олж чадахгүй байв. Тэрбээр Баргай аймагт суудаг бөгөөд тийшээ очих гурван гудамж байдгаас бид зөв гудмаа олж чадахгүй байв.
Бид хурлаас тарж яваа бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй нийлэв. Тэд харанхуйд биднээс айснаа Манзушир ламыг танив. Эмэгтэй нь жаахан дурамжхан байсан боловч эрэгтэй нь хамт явъя
гэсэн тул бид цуг явлаа. Тэд цай чанаж, идэх уух юмаар биднийг дайлж, дараа нь бид унтахаар хэвтэв. Үүрээр нар мандахаас өмнө намайг явахаар босоход эхнэр нөхөр хоёр мөн босч, надад цай унд хийж өглөө.
Миний номын багш хамба ламын байдаг газар руу би явлаа. Тэр хараахан босоогүй байсан тул номын ёсоор хаалганы нь өмнө гурвантаа сөхрөн мөргөөд Гандан хийдэд байдаг өөрийн байр руу явлаа.
Намайг хүрч очиход нар мандаж байлаа. Өглөөний гороо эргэхээр яваа Ёндон гавжтай анхлан тааралдав. Надаас сочиж хэл үггүй эргэн гүйв.
Хийдийн захаар настайчуул, өвчин хуучтай хүмүүст зориулж барьсан гэрүүд байдаг билээ. Тэдгээрийн нэгнээс нэг хүн гарч ирснээ намайг таньж, баясгалантайгаар мэндлэв. Тэрбээр нэг хүнийг дуудсан нь говь нутгаас Улаанбаатар хотод мөргөлөөр ирсэн миний нэгэн шавь байв. Тэр яаран хадаг барин золголоо. Түүний нэрийг Содномдорж гэдэг бөгөөд хэдэн жилийн тэртээ надад шавь орсон залуу билээ. Хожим тэр Өвөр монгол руу дүрвэн зугтсан юм.
Байрандаа хүрч очвол манайхан босоогүй л байв. Тэд харанхуй шөнө намайг дэмий л эрж, горьдлого тасраад саяхан эргэн ирж, амрахаар хажуулаад байсан нь тэр байлаа. Юуны өмнө бүх хувцсаа солив. Хувцас маань бөөстжээ. Тэгтэл сайн танил, хийдийн нярав Содном орж ирээд хултай айраг, урт хадагтай барилаа. Намайг эргэн ирсэн мэдээг Ёндон гавж хийд рүү буцаж ороод тараасан байв. Тэгээд би гадагш гарч Гандан хийдийн гурван Дацанг эргэв. Намайг тойрч явахад мөргөл үйлдэж байсан ардууд бие биесээ нудран "Дилав Гэгээн иржээ" гэцгээх ба энд тэндгүй баяр хөөр болцгоох нь харагдав.
Намайг дагаж хүрээ орж ирсэн миний шавь Гэндэн 1930 оны цагаан сараар Нарванчин хийд рүүгээ буцсан юм. Намар нь тэрбээр хүрээ орохоор Нарванчингаас гарч яваад баригдаж, Сайн ноён хан аймгийн захиргаанд хүргэгдэж, хоёр сар шоронд сууж, Хүрээнд хүргэгдэн, дахин хоёр сар хоригджээ. Сүүлд нь хуучин тооллын өвлийн адаг сард суллагдсан байна. Түүнээс миний тухай шалгаагаагүй бөгөөд ердөө л тэнүүчлэн явсанд нь сэжиглэн барьсан хэрэг байжээ.
Би намрын дунд сард суллагдсан бөгөөд Гэндэн хожим Гандан дээр ирж нийлж билээ. Надад оргохоос өөр зүйл бодогдохгүй байлаа. Оргох оролдлого бүтэлгүйтвэл энэ нь гарцаагүй үхэл гэсэн үг байв. Гэвч би гэртээ буцаж очвол эрт орой хэзээ нэгэн цагт ямар нэг шинэ шалтгаар намайг дахиад баривчлах нь мэдээж. Тэнсэн харгалзах ял онооно гэдэг алах ял цаана нь байгаа гэсэн үг буюу. Үнэнийг хэлэхэд, Манзушир ламын хувьд ийм тавилан тохоож билээ. Хожим миний сонссоноор, тэрбээр дахин баригдаж, Гэндэн Дэмидийн хэрэг явдлын үеэр хороогджээ. Намайг долоон жилийн дараа баривчиллаа гэвэл энэ нь тэнсэн харгалзах хугацаа өнгөрөөд 2 жил болсон байна гэсэн үг. Хэрвээ гэм бурууг мөнөөх 5 жил рүү оруулбал би мөн л алах ял сонсох нь ээ дээ.
Хүрээ орчмоор надад амьтан хүний бэлэглэсэн агт морьд, тэмээ янз бүрийн хүний гар дээр байсан. Тиймээс аян замын унаа морь худалдаж авах хэрэгцээ байсангүй. Гэр орондоо харих дүр эсгэн аян замын бэлтгэлээ базаах боломжтой байлаа. Гол бэрхшээл бол, шинэ цаасан мөнгөний оронд хятад мөнгөн ембүүг морь, хониор худалдаж авах явдал байлаа. Хятад мөнгөн долларыг гагцхүү хар захаас л худалдаж авч болох байв. Найман тэмээ, таван эр, нэг майхнаас бидний жин хөсөг бүрдлээ. Тэр нь Гэндэн, хожим нь эхнэр хүүхэд рүүгээ Гадаад Монгол руу буцсан хар шавь бид хэд байв. Бас тэр хар хүний найз, миний саяхны шавь, хожим нь нутаг буцсан уу, яасан, алга болсон нэг эр, өвөр монгол нэг лам байлаа. Өвөрмонгол лам хожим нь Утайн уул руу явсан билээ. Тэр нутаг Японы дайнд татагдан орсон тул түүний яасныг би мэдэхгүй юм.
Хүрээнээс Нарванчин орох хоёр зам байдаг бөгөөд нэг нь Хангайн нуруугаар явдаг 20 өртөө зам, нөгөө нь Говь гатлан явдаг 25 өртөө зам юм. Эхлээд бид говийн замаар гарлаа. Энэ зам Улиастай-Хаалганы замд дөт өнгөрдөг. Хүрээнээс гараад энэ замыг дагаж бид дөрөв хоног явлаа. Дараа нь өмнө зүг одох хөл багатай замыг барив. Эндээс Өвөрмонгол хүртэл 20 өртөө газар буй. Энэ зам Дунд Гүний хүрээгээр дайрч гардаг. Шөнө нь хилийн харуулын бараг дэргэдүүр гарлаа. Бид Өлгий хийдээс замчин авч замд тааралдсан сүүлчийн худгаас ус базаав. Эзгүй говиор нэг хоног явлаа. Цагаан сарын 20-ны өдөр байсан болохоор сар битүү байлаа. Бид саадгүй хил давахын тул шөнөжин явах бодолтой байв. Хэрэв бидний мөрийг илрүүлбэл хойноос мөрдөн хөөх аюултай байлаа.
Газарчин маань бидний замыг осолгүй сайн заагаад гэдрэг буцсан юм. Бид баруун хойт зүгээс бусад талаас үл үзэгдэх говийн нэг хөндийд өдөржин өнжлөө. Шөнө нь цааш хөдлөв. Гэндэн замчилж явав. Газарчны зааж өгснөөр нэгэн худаг дээр иртэл хөлдүү байлаа. Бид яаж ийгээд урагш ахисаар л байв. Гэндэн айлын утаа үнэртэж байна гэв. Тэгэхлээр нь бид тэндээс холдов. Тэгтэл айлын ноход хуцаж эхлэв. Энэ нь хилийн харуул байна гэсэн үг. Бид нэлээд зайдуу байсан тул айлын ноход бидэн рүү давхиж ирсэнгүй. Тэгтэл гэрэл гялсхийх үзэгдэв. Тэр нь харуулын хүн гэрээсээ гарч ирсэн хэрэг ажээ. Хаалга онгойход галын дөл харагджээ. Тэр хүн лав зогсож чагнасан байх, гэхдээ сэжиглэсэнгүй. Харуулын цэгт ганцхан хүн байсныг хожим бид сонсч билээ. Үүнээс хойш хил хамгаалах алба чангарсан юм.
Газарчин бидэнд замын бартааг хэлж өгсөн. Зөвхөн говийн намхан толгод л тааралдах бөгөөд жалга гуун дунд үхэр хад байх нь тэмээний явдалд саадтай байв. Гурван жалга байсан бөгөөд ганц нь гарч болохоор байсныг Гэндэн маань зөв олжээ. Шөнөжингөө яваад л байв. Дунд гүний хошууны нохойн дуу сонсдоход бид тойрч гарлаа. Энд хүрч ирсэн нь нэг талаар бидний мөр нутгийн хүн амьтны мөртэй холилдож замхрах сайн талтай боловч, нөгөөтэйгүүр халхын хилд ойр тул хошуу хүргэх нэгэн байж болзошгүй, хэрэв тэгвэл хилийн харуулууд манийг мөрдөн барих аюул бас л арилаагүй байсан билээ. Гэгээ орсон хойно, хятад худалдаачны бага шиг аянчин буудалласан байхыг олж үзлээ. Тэнд түр зогсож, чиг баримжаагаа тогтоож авлаа.
Төгсөв
(Эх сурвалж: “Бидний Монголчууд” цуврал, “Ариун сэтгэл, Авралын үндэс” – “Дилав хутагт Б.Жамсранжав. Хэвлэлд бэлтгэсэн Л.Чойжилсүрэн. Цувралыг эрхэлсэн Ц.Гомбосүрэн. УБ, 2000 он. 145 - 232 тал.)