Ж.Алтаншагай: Миний гэр бүл болон “Фантастик” продакшн миний бахархал

“Монгол улсын иргэний андгай өргөх ёслол” Төрийн ордонд боллоо. Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэхээ авна.
Тэдний төлөөлөл болсон нийслэлийн шилдэг 800 сурагч Төрийн ордны Их танхимд Засгийн газрын тэргүүн, салбар салбарын төлөөлөл, олны танил эрхмүүдээс үнэмлэхээ гардан авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолыг нээн үг хэлсэн бол Монголын залуучуудын холбооны 16-19 насны дэд Ерөнхийлөгч А.Ганчөдөр эр цэргийн алба хаахыг нийт хөвгүүдэд уриалсан юм.
Өнөөдрийн үйл ажиллагаанд “Фантастик” продакшны жүжигчид Ж.Алтаншагай, М.Баярбат нар урилгаар оролцов. Жүжигчин, СТА Ж.Алтаншагай нийслэлийн шилдэг хүүхдүүдэд хандан үг хэлсэн юм.
-Дэлхий дээр олон орон бий ч Монгол Улс ганц. Та нар 16 нас хүрч, өнөөдрөөс хүүхэд байхаа больж байна. Иймд үүргээ биелүүлэх торгон мөч ирлээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болоорой. Би өнөөдрийг хүртэлх хугацаанд амилуулсан дүрүүдээсээ “Байтаг богд”-ын Бэгзийн Гиваагийн дүрд илүү хайртай. Энэ хүн 1948 оны долдугаар сарын 8-ны өдөр баруун хязгаарт хил манаж байхдаа Гоминданы цэргүүдтэй хориглосон байлдаанд орж, амиа алдсан. Бид өнөөдөр энэ танхимд баярлаж суугаагийн ул суурийг Бэгзийн Гиваа шиг залуус бэлтгэж өгчээ. Иймд би тэр хүнээр бахархан омогшдог. Байтаг Богд хад асга, жалга ихтэй газар. Хилийн манаанд байсан арваад цэрэгт дайснаас нуугдах бүрэн боломж байсан ч тэд нуугдаагүй. Хойчийн залуу үеийнхээ төлөө хорьхон настай залуус амиа зольсон. Тэд өндөр боловсролтой залуус байгаагүй ч эх орондоо хайртай байжээ. Үр хүүхэдтэй ч болж амжаагүй. Харин бид өнөөдөр гайхалтай цаг үед амьдарч байна. Энэ ёслолыг нээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Дараа дараагийн Ерөнхий сайд энэ танхимд байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Би дөрвөн охинтой. Тэдний төлөө ажиллаж амьдрах нь миний үүрэг. Миний гэр бүл болон “Фантастик” продакшн миний бахархал. Бид наймуулаа учраас ямар ч хүнд ачааг хамтдаа өргөөд л туулдаг. Та нар ч өнөөдрөөс эхлэн өөр өөрсдийн түүхийг бүтээгээрэй. ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN