Чоймаа багшийн шаналал
Бээжинд орой буугаад өглөө нь хурлын байрны зүг явтал хамгийн түрүүнд Чоймаа багштай таарав. Багш намайг харсан даруйдаа Монгол хэлнийхээ төлөө санаа зовж явдаг хамаг сэтгэлээ ёстой нэг уудаллаа.
"Үгүй чи хүү минь, хол суугаад байх юм. Монгол хэл чинь үгүй болох нь шүү дээ. Дунд сургуульд монгол хэл уран зохиолын хичээл нийлээд 150 цаг хүрч байна уу үгүй юу, англи хэл дангаараа 240 цаг болж байна...
Харийн шашин хаа хамаагүй орж ирэх юм. Зүгээр орж ирэхгүй өнөө муу Бурханы шашныг заавал муутгах, хавчих шинж агуулна. Буян гэж үг ерөөс монгол үг биш, манжаас орсон юм гэж өнөө хэн дуучин шүүмжилж, тэр үгийг зайлуулах юм ярьж сууна. Заавал тэгж хэдэн зуун жил хэрэглэж ирсэн үг ойлголтыг хяхах ямар хэрэг бодлого байдаг байна аа...
Овоо сүрхий юм хийчихмээр оюутан залуусаас хэрэг зоригийг нь асуухаар төгсөөд гадаад явна аа л гэх юм...
Насаараа монгол хэл гэж ярьж зүтгэсэн хүн, надаас хойш байхгүй болчих ч юм бол уу гэж муу ёр бодогдох боллоо...
Бие их сайн биш ч энэ удаад аргагүй л Хэшигтогтох багшийн 80 насны ой гэж л ирлээ..."
гэх мэтээр сэтгэл эмзэглэм олон зүйл ярив. Дундуур орж ирж мэндэлсэн улстай гар барьчаад эргээд энэ бүхнээ үргэлжлүүлэн ярих нь намайг юм бодоорой гэж байгаа л хэрэг байх. Багшийн сэтгэлийг тайтгаруулах сайхан мэдээ хэлж чадсангүй, Америкад хүүхдүүдэд чадах чинээгээрээ зааж байна, гэвч хэлээ мартах талдаа шүү гэж даарин дээр нь давс нэмсэндээ одоо эргээд баахан зовнином.