БАТЛАН ХАМГААЛАХ, СПОРТЫН ЯАМ ГЭЖ НЭРЛЭЕ

                                   БАТЛАН ХАМГААЛАХ, СПОРТЫН ЯАМ ГЭЖ НЭРЛЭЕ

Үүнээс өмнө та бүхэн сэтгэлгээнийхээ өөрчлөлтийг хийгээд, төлөвлөгөө дизайнаа өөрчлөөд, хүмүүсээ бүртгээд ажиллах хэрэгтэй байгаа юм. Би энэ Батлан хамгаалах яамны нэрийг хүртэл өөрчлөх саналтай байгаа. Батлан хамгаалах, спортын яам болгоё. Цэргийн хүний нэг сайн чанар бол бие бялдрын хөгжил. Бие бялдраа хөгжүүлбэл сэтгэлзүй хөгждөг. Бие бялдраараа, бэлтгэлжилтээрээ ялгарч байх ёстой. Бүх зүйлээ үүрээд хэдэн км газар гүйж байна гэдэг чухал. Та бүхэн мэдэж байгаа байх, өндөр хөгжилтэй улс орнуудад цэргийн бэлтгэл сургуулилт асар хатуу шүү дээ. Харин манайд эрхэлсэн байдалтай байгаа. Би цэргийн сурвалжлагч байхдаа л энэ эрхэлсэн байдлыг шүүмжилж бичдэг байсан. Өнөөдөр ч засагдаж сайжирсэн зүйл бага л байна. Үүнийг засаж сайжруулах хүмүүс бол та нар юм.

Миний харж байгаагаар Батлан хамгаалах, спортын яам гэж нэрлэвэл дээр үед дунд сургуульд хүртэл иргэний хамгаалалтын багш офицер нар байдаг байлаа шүү дээ. Биеийн тамирын багш нарыг тусад нь цэрэгжилтийн бэлтгэлд оруулаад, цэргийн алба хаасныг нь шууд бэлтгэл офицер цол өгөөд, тэгээд биеийн тамир дээр нь цэрэгт заадаг зүйл заая. Цэрэгт заадаг зүйл гэдэг нь хүнд заадаг зүйлээс өөр юм биш. Аливаа хүн мэдэж авах ёстой зүйлийг л цэрэгт заадаг. Бие бялдрынх нь хувьд шүү дээ, тэр зэвсэг техник нь тусдаа л байдаг юм байгаа биз. Ингэж холбож өгсөн газрууд байна. Батлан хамгаалах, спорт хоёроо холбосон. Үүгээрээ дамжуулж ард түмнийхээ эрүүл мэндийг, чийрэгжилтийг сайжруулдаг. Үүгээрээ дамжуулан бодлогоо явуулдаг. Энэ чиглэл рүү явах байх гэж би найдаж байна.

Хүүхдүүдээ цэргийн албатай ямар нэг замаар холбочих хэрэгтэй. Дээр үеийн иргэний хамгаалалт биш юм аа гэхэд биеийн тамираар дамжуулаад холбох хэрэгтэй. Биеийн тамирын багш нь дээр нь нэмээд иргэний хамгаалалтын тодорхой ойлголтуудыг тухайн сургуульд өгдөг байж болно. Наад зах нь газар хөдлөхөд өөрийгөө хэрхэн аварч гарах вэ гэх мэт. Хурдан гүйгээд аюулаас зайлна гэдэг бэлтгэлжилтийн асуудал юм. Олон хоног ус хоолгүй өөрийгөө аваад гарна гэдэг бол бэлтгэлжилт. Тэгээд аюул тохиолдсон үед нөхрөө аварч гарна. Тэгэхээр энэ ойлголтыг бид багаас нь сургуулийнхаа бүтэцтэй, төрийнхөө бүтэцтэй уялдуулж өгөх юм бол сайн болно.