Нэг км замыг 15 минутанд цэвэрлэх хүчин чадалтай машин үйлчилгээнд явж эхлээд байна

     Нэг км замыг 15 минутанд цэвэрлэх хүчин чадалтай машин үйлчилгээнд явж эхлээд байна

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зам цэвэрлэгээний 15 машиныг өнгөрсөн сард “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д хүлээлгэн өгсөн билээ. Эдгээр машинуудыг барих жолооч нарт Хятадын мэргэжилтнүүд ирж сургалт зохион байгуулсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн гудамж зам талбайг эдгээр машинаар угааж эхлээд байна. Зам цэвэрлэгээний машин нь гурван тоннын усны, хогийн бункер нь дөрвөн тоннын багтаамжтай. Нэг км замыг 15 минутанд цэвэрлэх хүчин чадалтай. Олон хүний ажлыг хөнгөвчилсөн техникийн дэвшилтэт технологи гэдгээрээ онцлог. Нэг машин нь дунджаар өдөрт 90-120 км замыг цэвэрлэж замын нуухны шороог авч, тоосжилтыг бууруулж байна.

Одоогоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Богд Уул, Нисэх, Яармаг, Баянхошууны замыг цэвэрлэж эхлээд байгаа. Өглөөний ээлжийн жолооч нар 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл, шөнийн ээлжийнхэн оройн 11:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл зам талбайг цэвэрлэж байна.

Цэвэрлэгээний машинд MCS компанийн “Coca Cola”үйлдвэрээс гарсан саарал усыг ашигладаг. Чингисийн талбайг Мягмар, Пүрэв гарагт өглөөний 08:30 минутаас 10:00 цагийн хооронд угаадаг. Энэхүү угаалга цэвэрлэгээ нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажлуудын нэг болсон гэдгийг иргэд онцолж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.