Ж.Энхбаяр: Ахлагч 47, офицер 52, ахлах офицер 57 нас хүртлээ алба хаадаг болно

             Ж.Энхбаяр: Ахлагч 47, офицер 52, ахлах офицер 57 нас хүртлээ алба хаадаг болно

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас батлан хамгаалах салбарын багц хуулийн төслүүдийн талаар тодрууллаа. Тэрээр багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

Хуучнаар Иргэний хамгаалалтын ерөнхий газар гэж Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд байсан байгуул­лага бие дааж Онцгой байдлын ерөнхий газар болсон.

-Батлан хамгаалах салбарын хууль эрх зүй хэдэн жилийн дараа шинэчлэгдэх гэж байна вэ?

-1990 онд эх орноо өөрийнхөө хүчээр батлан хамгаалах шаардлага тулгарсан. Үүнтэй холбоотойгоор батлан хамгаалах салбарын хууль эрх зүй, үзэл баримтлалыг цоо шинээр боловсруулсан. Улмаар анхны хувил­барууд нь 1992 онд батлагдсан байдаг. Түүнээс хойш Монголд Улсад зэвсэгт хүчнийг тойрсон улс төрийн өөр өөр байр суурь их байсан. Тухайлбал, хилийн цэрэг Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд орж гараад л. Хууль зүйн яамны бүрэлдэхүүнд ороод л. Хуучнаар Иргэний хамгаалалтын ерөнхий газар гэж Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд байсан байгуул­лага бие дааж Онцгой байдлын ерөнхий газар болсон. Өнөөдрийн байдлаар батлан хамгаалах салбарын хууль эрх зүйг шинэчилж, хөгжлийн шинэ татан гаргах шаардлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлынхаа үзэл баримтлалд тодотгол хийж баталсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдэхээр түүний гол бүрэлдэхүүн хэсэг болсон гадаад бодлого, батлан хамгаалахын үзэл баримтлал дагаж шинэчлэгдэх ёстой. Батлан хамгаалах бодлогын баримт бичгийг бид 2015 оны эцэст баталсан. Энэ бодлогоор Монгол Улсын төрийн цэргийн байгуулал ямар бүтэцтэй байх юм бэ, ямар байгууллагууд бүрэл­дэхүүнд нь орох вэ гэдгээр намууд зөвшилцөж нэгдсэн байр суурьт хүрсэн.

Энэ шийдлээр бол хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын бай­гууллага нь төрийн цэргийн бай­гууллын бүрэлдэхүүн гэж явахаар болсон. Үүнтэй холбоотойгоор батлан хамгаалах салбарын багц хуулиуд батлагдах шатандаа ороод байна. Энэ багц хууль батлагдсанаар төрийн цэр­гийн байгуулалд багтаж буй бай­гууллагуудын хөгжил цоо шинэ ша­танд гарна. Хөгжлийн хөтөлбөрүүд нь батлагдана. Нэг зүйлийг онцлоход, батлан хамгаалах салбарын хууль эрх зүйг шинэчлэх нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд Ерөнхийлөгчийн оролцоо их байлаа. Мөн багц хуулийн төслүүдийг хэлэлцэж буй УИХ-ын Аюулгүй бай­дал, гадаад бодлогын байнгын хороонд батлан хамгаалах салбарын үе үеийн таван сайд ажиллаж байна. 

-Энэ багц хууль хэзээнээс хэрэг­жиж эхэлнэ гэж тооцож байгаа вэ. Бат­лан хамгаалах салбарт шинээр бат­­лагдсан хуулийн дагуу бүтэц зо­хион байгуулалтын өөрчлөлт орох уу?

-Батлагдсан даруйдаа хэрэгжиж эхэлнэ. Ямар нэгэн бүтцийн өөрчлөлт хийж батлан хамгаалах салбарыг бужигнуулах зүйл болохгүй.

-Батлан хамгаалах яамны тө­рийн нарийн бичгийн дарга нь цэр­гийн мэргэжлийн бүр генерал цолтой хүн байх ёстой гэсэн заалт шинээр  батлагдах  хуульд байгаа юм уу?

-Одоо байгаа зохицуулалтыг нь хэвээр үлдээхээр байгаа. Хууль санаач­лагчийн зүгээс зарим нэг өөрчлөлтийг оруулж ирсэн боловч дэмжигдээгүй. Гэхдээ хэдэн нарийн бичгийн даргатай байхыг Засгийн газар тухайн үед нь шийдэж болно. 

-Цэргийн алба хаах насны дээд хязгаарыг хоёр жилээр нэмж байгаа байх аа?

-Энэ бол цэргийн жинхэнэ албан хаагчдад хамаарах заалт. Зэвсэгт хү­чин мэргэжлийн бүрэлдэхүүнтэй болж байгаа. Тухайлбал, байнга алба хааж байгаа ахлагчид 45, офицер 50, ахлах офицер 55 нас хүртэл алба хаах дээд хязгаартай байсан бол одоо тус бүр хоёр жилээр нэмэгдэж байгаа. Энэ нь өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын дундаж наслалт уртасч байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр батлан хамгаалах сал­барт хэрэгжүүлж буй боловсон хүчний бодлого, хүний нөөцтэй холбоотойгоор ажиллах насны дээд хязгаарыг хоёр жилээр нэмж байгаа юм.