Оросын нүүрсний экспорт өсч, Монголынх буурав

                                    Оросын нүүрсний экспорт өсч, Монголынх буурав

Дэлхий нүүрсний зах зээлд үнийн уналт үргэлжилсээр байна. Хятадын эдийн засгийн саармагжилт, нөгөө талаар дэлхийн дахинаас нүүрсний хэрэглээг бууруулах бодлого нүүрсний үнэд нөлөөлж байна. Монгол Улсын хувьд нүүрсний зах зээл тун таагүй байдалд байгаа. Гол бэрхшээл болох тээвэрлэлтийн асуудал нүүрсний борлуулалт, зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Одоогоос таван жилийн өмнө Монгол Улс дэлхийн эрчим хүчний шинэ тоглогчоор тодорч, төсвийн гуравны нэгийг нүүрсний экспортын орлого бүрдүүлдэг байв. Тэгвэл он гарсаар эхний гурван сарын байдлаар Монгол Улс 5.2 сая тонн нүүрс олборлосноос 3.3 саяыг нь экспортолсон байна. Ингээд Монголын нүүрсний гол зах зээл болох Хятадын нүүрсний салбар болон манай өрсөлдөгч орнуудын нүүрсний зах зээлийн талаарх тоон мэдээллийг сонирхуулъя.

Хятад
Хятадын гаалийн ерөнхий хорооны статистик мэдээгээр, дөрөвдүгээр сарын Хятадын нүүрсний импортын хэмжээ 18.8 сая тонн болж, өнгөрсөн сараас 4.52 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеэс 5.76 хувиар буурсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын экспортолсон нүүрсний хэмжээ 520 мянган тонн болж, өнгөрсөн сараас 59. хувиар буурсан ч өнгөрсөн жилийн мөн үеэс 79. хувиар нэмэгдсэн байна. Харин өнгөрсөн сард коксын экспортын хэмжээ 690 мянган тонн болж, өнгөрсөн сараас 38.39 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.4 хувиар буурч, 1-4-р сард нийт экспортолсон коксын хэмжээ 3.43 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 16.1хувиар ар нэмэгдсэн байна.

ОХУ
Өнгөрсөн сард ОХУ-ын нүүрсний олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 7.37 хувиар нэмэгдсэн байна. ОХУ-ын Эрчим хүчний яамны статистик мэдээгээр, 2016 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын нүүрсний олборлолт 30.06 сая тонн болжээ. Тэгвэл тус улсын нүүрсний экспортын хэмжээ зөвхөн дөрөвдүгээр сард 12.97 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.18 сая тонн буюу арван хувиар өссөн байна. Харин эхний дөрвөн сарын байдлаар ОХУ-ын нүүрсний нийт экспортын хэмжээ 50.31 сая тонн болжээ.

Канад
Канадын нүүрсний олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс зургаан хувиар буурчээ. Канадын байгалийн эрдэс баялгийн яамны статистик мэдээгээр, Канадын нүүрсний олборлолтын хэмжээ 61.7 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 7.34 сая тонноор буюу 10.6 хувиар буурчээ.