Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр шинэ тоглоом суурилуулжээ

                        Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр шинэ тоглоом суурилуулжээ

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн маркетингийн хэлтсийн захирал Д.Золзаяагаас дараахь зүйлийг тодрууллаа.

- Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ жил хэчнээн тооны тоглоомоор хүүхэд багачууддаа үйлчлэх вэ?

-Одоогоор 70 гаруй нэр төрлийн тоглоом болон “Бонгын ертөнц”, автомат тоглоомын төв, боулинг, видео тоглоом зэрэг төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
 
- Шинэ тоглоом ирсэн үү?

-Өнгөрсөн жил бид таваас доош насны хүүхдүүдэд зориулсан таван тоглоом оруулж ирсэн. Харин энэ жил залуустаа зориулж төвийн хүчнээс зугтах “Тагада”, “Давалгаат эргүүлэг” гэсэн хоёр шинэ тоглоом авсан.

- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр багачуудад зориулж ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

- Зургадугаар сарын 1-нд ачаалал их байдаг учир манай байгууллага 2011 оноос хойш “Гайхамшигт долоо хоног”-ийг зохион байгуулж ирсэн. Энэ жил зургаа дахь удаагаа энэ сарын 27-наас ирэх сарын 2-ныг хүртэл зохион байгуулна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа учир үйлчлүүлэгчдэдээ гэнэтийн олон бэлэг барихаар зэхэж байна.
 
- Үнийн хувьд хямдрал зарлах уу?
 
-Бид тоглоомынхоо үнэд уян хатан хандаж байгаа. 10-25 мянган төгрөгийн “Super”, “Cool”, “Happy”, “Fun зэрэг багцыг гаргасан. Үйлчлүүлэгчид багцын карт худалдан авбал нэг тоглоомыг 2500 төгрөгөөр тоглох боломж бүрдэж байгаа юм.