НИТХ-ын сонгуульд 273 нэр дэвшигч 45 тойрогт өрсөлдөнө

                                 НИТХ-ын сонгуульд 273 нэр дэвшигч 45 тойрогт өрсөлдөнө

Нийслэлийн сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшихээр өргөдөл гомдол ирүүлснийг шийдвэрлэсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 
НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан  нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн. Харин бие даан нэрээ дэвшүүлэгч 19 нэр дэвшигчийн материалыг хянан, шалгаж хуулийн хүрээнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Тэгвэл эл шийдвэрийг хуулийн хүрээнд эргэн харж, улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах ёсгүй хэмээн ирүүлсэн өргөдөл гомдлыг  Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороо шийдвэрлэжээ.
 
Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана ярихдаа,"Нэр дэвшигчдийн материалыг шалгаж "Эх орончдын нэгдсэн эвсэл"-ээс 4 нэр дэвшигчийг, "Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл"-ээс 27 нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргав. Эх орончдын нэгдсэн эвслээс 5 нэр дэвшигч, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс 32 нэр дэвшигч НИТХ-ын сонгуульд оролцох материалаа ирүүлсэн. Мөн НИТХ-ын 2016 оны сонгуульд сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг дахин нягталлаа. Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501-ээс доошгүй байгаа 4 нэр дэвшигчийг Ө.Мөнхбат /БЗД 9-р тойрог/, У.Даваажав /БЗД 10-р тойрог/, С.Энхбаяр /ЧД 42-р тойрог/, А.Туяабаатар /НД 45-р тойрог/ бүртгэхээр болсон" хэмээв. 
 
Ингэснээр 2016 оны  НИТХ-ын сонгуульд нэмж 35 нэр дэвшигчийг бүртгэснээр нийт 273 нэр дэвшигч 45 тойрогт өрсөлдөнө.