Ч.Өнөрбаяр: АТГ-ын даргыг яаралтай шийдэх ёстой

                                    Ч.Өнөрбаяр: АТГ-ын даргыг яаралтай шийдэх ёстой

Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д санал болгосноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч өнөө хэр томилогдоогүй байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.  

-Авлигатай тэмцэх газрын даргыг томилохгүй хугацаа алдаж байна. Энэ талаар хуулийн тодорхой зохицуулалт байдаггүй юм уу?

-Маш тодорхой хуулийн зохицуулалт бий. УИХ-ын дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан бол УИХ-ын холбогдох байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргах ёстой. Дараа нь нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, холбогдох байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар томилох эсэхийг шийдвэрлэдэг хуультай.

-Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах хугацаанаас болоод томилгоо удааширч байна гэх яриа байсан. Энэ талаар тодруулж өгөөч?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бичгийг хүлээн авсаны дараа УИХ-аас Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянуулахаар хүргүүлсэн юм билээ. Харин Авлигатай тэмцэх газрын зүгээс нэр дэвшигчийн материалыг хянаж үзээд уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй байна гэсэн хариуг УИХ-д хуулийн хугацаанд нь багтаан өгсөн байдаг. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхэд хууль зүйн хувьд харшлах ямар нэгэн шалтгаан байхгүй.

-Зарим гишүүдийн зүгээс УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй болохоор байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх боломжгүй гэсэн зүйлийг ярьсан байсан?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын бүрэн эрх гагцхүү УИХ-д хадгалагддаг. Улсын Их Хурал бол монголын нийт ард түмнийг төлөөлж, олонхийн зарчмаар шийдвэр гаргадаг байгууллага. Тиймээс түүнийг аль нэг даргын зөвлөл, намын бүлэг төлөөлөх эрх байхгүй.

-Тэгэхээр УИХ-ын дарга Авлигатай тэмцэх газрын даргыг томилоход оролцох эрх байхгүй гэж үү?

-Хуульд Улсын Их Хурлын бүрэн эрх, УИХ-ын даргын бүрэн эрхийг нарийн зааглаж өгсөн байдаг. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилдог. Тиймээс Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх ёстой.  

-Нэр дэвшигч олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд яах вэ?

-Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т томилогдох нэр дэвшигч гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч өөр хүний нэрийг дэвшүүлэхээр заасан байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшигчийн материалыг УИХ-д хүргүүлээд хэд хонож байна вэ? Цаашлаад томилохгүй хугацаа алдаад байвал яах ёстой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг УИХ-д 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдөр хүргүүлсэн. Түүнээс хойш 20-иод хоног өнгөрсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Тэгэхлээр хугацаа алдахгүйгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх байх. Нөгөө талаар Авлигын эсрэг хуульд заасан Авлигатай тэмцэх газрын даргын хариуцаж, хэрэгжүүлэх зөндөөн ажлууд бий. Иймд төрийн байгууллагын ажлыг тодорхойгүй шалтгаанаар цалгардуулах нь туйлын хариуцлагагүй асуудал гэж бодож байна.

-Тодруулга ярилцлага өгсөн танд баярлалаа.