Нэгдүгээр сургуулийн багш нар захиралдаа хариуцлага тооцуулах хүсэлт гаргалаа

               Нэгдүгээр сургуулийн багш нар захиралдаа хариуцлага тооцуулах хүсэлт гаргалаа

Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн багш нар захирал Б.Төгсжаргалдаа хариуцлага тооцуулах асуудлаар боловсролын байгууллагуудад хандаж байгаагаа мэдэгдэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нэгдүгээр сургуулийн математикийн багш Х.Батцэцэг "Манай захирал томилогдоод хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийтдээ 70 гаруй хоног шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Эхний нэг жил нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан болохоор бид нэг их тоодоггүй байсан. Гэтэл албан ёсоор захирлаар ажиллаад нэг жил болох хугацаанд ч шалтгаангүй ажилдаа ирэхгүй байх нь үргэлжилсээр байна.

Удирдлага маань ажилдаа ирдгүйгээс гадна багш, ажилчид удирдлагаар хангагдах эрхээ эдэлж чадахгүй байгаа. Сурагчдын эрх ч зөрчигдөх болсон. Наад зах нь тодорхойлолт авах гэхэд л захирал байхгүй байдаг. Сүүүлийн нэг жилийн хугацаанд цалин гэхэд л 2-3 удаа хойшилсон. 

Мөн захирал маань зан харилцааны доголдолтой. Байгууллагын хурал дээр байнгын ууртай, биднийг зандарсан байдалтай байдаг" хэмээн ярилаа.


 
Дээрх шалтгаануудын улмаас тус сургуулийн багш ажилчид захирал Б.Төгжаргалдаа хариуцлага тооцуулах, ажлаас нь чөлөөлж өгөх хүсэлтийг Сургуулийн зөвлөлийн дарга, СБД-ийн боловсролын хэлтэс, СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан, НБГ, Хотын дарга Э.Бат-Үүл, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нарт хандан гаргаж байгаа ажээ. Уг хүсэлтэд одоогийн байдлаар нэгдүгээр сургуулийн 78 багш, ажилтан буюу 50 гаруй хувь нь гарын үсэг зураад байгаа юм байна.