Эцэг эх байх эрх

Эцэг эх байх эрх
Өглөөг дандаа л сайхан үгээр угтахыг би хүсдэг юм.
Гэвч эцэг эх байх эрхийн тухай хөндөхгүй бол болохгүй нь. Ээждээ хаягдсан энхрий нэгэн охин энэлж шаналсаар хоёр хоногийн өмнө энэ орчлонг орхин одсоныг сонсоод цээжинд нэг юм тээглэчихээд хэцүү байна.
Харанхуй хүйтэн орцонд хаягдсан ой долоон сартай тэр охин хоёр уушгиндаа хатгаатай, нүдэнд нь цагаа унасан, айж "сүнс нь зайлах" дөхсөн байсныг сайн дураараа сахиж байсан ээжүүдийн бичсэнээс уншин, элэг эмтэрч, эдгэрчихээсэй, ээж нь ирж халуун элгэндээ наагаасай хэмээн залбирч байлаа. Бас зургийг нь үзэхэд зүүн гарыг нь яагаад ч юм самбайгаар боосон байсан сан.
Охиныг олдсоны дараа сайхан сэтгэлт ээжүүд ээлжлэн эргэж тойрч, эхийн сэтгэлээр энгэртээ тэврэн эмнэлэгт өдөр шөнөгүй сахиж, биеийн байдлыг нь мэдээлж байсан юм.
Ялангуяа Цагаан хатан хэмээх Нүүр номын нэртэй залуухан бүсгүй тэргүүтэй ээжүүд Эвээлтэй сэтгэл групп нээж, эцэг эхчүүд эрвийх дэрвийхээрээ тусалж дэмжсэн ч охин Эх нялхсын төвд бие нь муудсаар эргэж сэхсэнгүй.
Хаяж явсан ээж нь олдсон ч хатуу орчлонд гомдсон бяцхан амьтан яваад өглөө.
Заяасан үрээ асарч өсгөх хариуцлага чадамжгүй ийм л хүмүүсийн эцэг эх байх эрхийг түдгэлзүүлэх, улс иргэнээ асрамжиндаа авах, сайн эцэг эхэд өргүүлэх талаар Хүүхдийн эрхийн тухай хуульд нарийвчлан тусгах, хороо дүүргийн нийгмийн ажилтнуудад иргэд мэдээлэл өгөх, шүүхэд ийм "хүүхдийн алуурчид", "хөхөө эцэг эх"-н эрхийг хасах санал өгөх журам гаргах цаг болжээ!
4 жилийн өмнө төрсөн эхдээ байнга зодуулдаг 6 настай Л охины талаар хөрш эмэгтэй нь цагдаад мэдэгдсэнээр ээжийнхээ гарын шүүр болж тархи толгойдоо дүүрэн сорвитой, хоёр гар нь шуугаараа хугарч муруй бороолсон бяцхан охины тухай хүмүүс мэдэж билээ. Гэвч харгис эх нь цагдаад дуудагдан нэг байцаалт өгчихөөд хүүхдээ аваад алга болсон юм. Цагдаагийнхан охины эх олдохгүй байна гээд сууж байхад, тэр үеийн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди санаа тавьж, цагдаагийнхныг хөдөлгөснөөр охиноо авч зугатсан эхийг хүмүүсийн мэдээллээр олуулж, бяцхан биеэрээ дүүрэн шарх сорвитой, толгой нь хагархай Л охиныг өөрийнхөө байгуулсан Хүүхэд асрах төвд авчруулсныг би мэднэ. Охин одоо танигдахын аргагүй цовоо сэргэлэн болчихсон сургуульдаа явж байгаа. Тэр үед ээжийнх нь шүүх хурал болж таслагдаад явахад нь Л охиноос ээжтэйгээ уулзах уу?гэж багш нар нь асуухад шууд "Үгүй" гэж байсан.
Хүүхэд өөрийгөө хамгаалж чадахгүй томчуудын эрхшээлд байдаг "амьтан".
Элээний сүүдрээс ч харамлан өсгөх гэж бурханаас хүлээж авсан ээж нь, эргэх хорвоогийн харгис хатуугаас нөмөрлөн хамгаалах учиртай эцэг нь заримдаа хүүхдийн эрлэг байх нөхцөлд эргэн тойрных нь хүмүүс энхрий тэр үрсийг хамгаалах үүрэгтэй!Одоо охины хойдын буяны ажилд өнөөх л сайхан сэтгэлт ээжүүд санаа тавьсаар л байна лээ.
Гэтэл бяцхан охиныг үгүйлэх, өчнөөн хоног зарлаад байхад учир начрыг нь хэлээд ирэх ганц ч хөрш, элгэн садны хүн байгаагүй гэхэд дэндүү итгэмээргүй. 
Энэ охинтой адил хайраар дутсан хичнээн үрс харгис хатуу, арчаагүй эцэг эхийн гар дээр зовж тарчилж байгаа бол?
Хүүхдийн нулимсыг л бага үзэх сэн.
Эвий бяцхан охин минь тайван нойрс доо.
Энэ удаа дутуу амссан эцэг эхийн энхрийлэл хайрыг чамд харамгүй өгөх сайн аав, ээжтэй, элэг бүтэн айлд эргэн төрөөрэй!
Ум ма ни бад ми хум