ХАЛУУН СЭТГЭЛ ЭРЧИЛСЭН ХҮЧ

      НАМЭХ-ны Ажлын албаны дарга, Хан-Уул дүүргийн НАМЭХ-ны тэргүүлэгч Б.ХАЛИУН

Хүмүүсээс амьдралынх нь зорилгыг  асуугаад үзээрэй. Ихэнх нь тийм зорилготой гэх боловч цөөхөн хүн тодорхой бөгөөд оновчтой хариулж эс чадна. Энэ асуултад миний өгөх хариулт их энгийн. Амьдралын зорилго минь аз жаргалтай байх хэмээн Далай багш айлджээ. Дурлаж хүссэн, чаддаг ажлаа хийсэн шиг хийж яваа хүн шиг жаргалтай нь үгүй. Үүнийг л эдэлж, мэдэрч явдаг болов уу, Болдбаатарын Халиун. Өнгө мөнгө, эд баялаг биш, голд хөвөх зомгол лугаа аялдагч шиг биш амьдрах нь түүний аз жаргал байх. Учир нь гуч гаруйхан насны энэ бүсгүйн туулсан зам мөр туждаа тэмцэл, зүтгэл, өөрийн бодол, шийдвэрээр баялаг. Бас бэлэн зэлэн, шулуун дардан байсангүй.

НАМЭХ-ны Ажлын албаны дарга Б.Халиун өнгөрсөн 12 жилийн хугацаанд Улс төрийн ажилтан, Нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал, Ажлын албаны дарга гэсэн статустай явж ирсэн энэ албан тушаал үндсэндээ холбооны бодлого, шийдвэрийг өдөр тутмын үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх, зохицуулах, зохион байгуулах, олон нийтэд хүргэж ажиллах чиг үүрэгтэй. Халиун ийм үүргийг төрөлхийн гэмээр авьяас, чадвараар гүйцэтгэнэ. Ерөөс хувь заяа нь энд ажиллахыг хөтөлсөн үү, тэрбээр өөрөө бүтээсэн үү гэдэг сонирхолтой. Дунд сургуулиа төгсөөд эмч болохоор Анагаахын дээдийн уралдаант шалгалтад тэнцчихээд гүйж явсан охин хуваариа авахын өмнөхөн сургуулийнхаа үүдэнд байсан “Соёмбо” дээд сургуулийн зарыг олж үзэв. Залуу насны сониучхан дэвэлзүүр зангаар тухайн үед Ардын намын байран дахь “Соёмбо” сургууль дээр ирчихсэн, Отголжий багшийнхаа яриаг чих тавин сонсож зогсов. Төрийн удирдлагын менежер гэх мэргэжил тун шинэлэг, содон сонирхолтой сонсогдож, манай сургуулийг төгсөгчид бүгд л дарга болно шүү дээ гэсэн яриа сэтгэлд нь үлджээ.

Ингээд л аав, ээжээсээ хөндлөн зөрсөөр “Соёмбо”-ыг сонгов. “Би багаасаа тийм амбицтай юм болов уу” хэмээн цагаахан инээх ч, үнэндээ өөрийгөө зөв үнэлж, зөв мэдэрч, орчин үеийн чиг хандлагаа дагасан байж мэднэ. Түүний өгөгдөл, зан характер ч нэг ажлыг өдөр бүр давтан хийх, хэвшмэл хэв маягт яавч нийцэхгүй. Мөнхийн хөдөлгөөнд санаж сэдэх, санаачлах, зохицуулах, зохион байгуулах, эвлүүлж эвцүүлэх, бүтээн босгох, олон зүйлийг зэрэг бодож, зэрэг шийдэж, зэрэг амжуулах төрөлхийн гэмээр өгөгдөхүүнтэй хүн дээ. Ёстой л халуун сэтгэл, эрчилсэн хүчээр оргилж явдаг эмэгтэй. Ерөөсөө нам, олон нийтийн ажил ийм шаардлага тавих агаад хөшүүн, гөлмөн нөхөд яавч авч явах боломжгүй. Харин Халиун заяагдсан тавилангаараа цагаан байрны үүд татсан юм болов уу.

Оюутан байхдаа Ардчилсан Социалист эмэгтэйчүүдийн холбоонд дадлага хийж, тухайн үед одоогийн өөрийнх нь энэ албан тушаалыг хашиж асан О.Байгалмаа дарга нь санал тавьснаар төгсөөгүй байхдаа урилгаар эмэгтэйчүүдийн холбоонд ажиллах тушаал нь гарч байж. Шинэхэн мэргэжил эзэмшиж, хувь хувьсгалын Монголын бүх л байгууллага орчин үеийн менежмент, удирдахуй ухаанаар “амьсгалж” байсан тэр цагт түүнд сонголтын салаа зам арвин, өнөөдөр хаана ч гялалзаж явахыг таашгүй. Харин тэрбээр МАН, түүний дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэсэн нэг л замыг сонгожээ. Эмэгтэйчүүдийн холбооныхоо гүйцэтгэх захирлыг 2007-2011 онд гүйцэтгэж, том намын Хяналтын хорооны гишүүнээр сонгогдон ёстой л болд хэрхэн хатаагдсан нь гэдэг шиг нам, төрийн бус байгууллагын ажилд гаршиж, бэлтгэгдсэн эмэгтэй.

Түүний ээж барилгын инженер-технологич мэргэжилтэй, Тэмцэгч, хатуу зантай эмэгтэй байж. Охиныхоо хичээл тараад найз нөхөдтэйгөө бужигнах, гэртээ харих замыг дангинатал тооцоод, хоцорч ирвэл алганы амт ч үзүүлэх нь бий. Хайр нь дотроо хал нь гаднаа ЭХ хүн охин үрээ бүтэн заяатай, бүтээлч ухаантай яваг л гэж зарчимч байгаа биз. Угаас зарчим тогтсон газраас бүтээлч үр дүн гарах нь лавтай.

Уулийн мод урттай богинотой, хүмүүний амьдрал эрээнтэй бараантай. Хайртай ээж нь хүнд өвчин тусаж, хүний газар Унгар улсад ухаангүй болсон үест нам, эмэгтэйчүүдийн байгууллагын хамт олон, Унгар дахь Элчин сайдын яам дэмжин тусалж, зовлонг нь хуваалцаж ирснийг нүдэндээ нулимстай дурсана. Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Л.Амгалан, Г.Идэрмаа эгч нараа, О.Эрдэнэчимэг сайд, Л.Дондог, тэр үеийн Гадаад яамны консулын газрын дарга н.Ганхуяг найз М.Энхцэцэг нарыг нэр дурдан, намын хамт олон, найз нөхдөө бахдан бахархаж ач санана.

Нам гэснээс Монголын улс төрийн тулах хүч МАН-ын ажлын аппарат мэргэшсэн, гар сэтгэл нийлсэн, нэг зорилготой ажиллаж, замнах тухайд Халиун хатуу байр суурьтай. Тийм ч байсан агаад сүүлийн жилүүдэд доголдоод буйд шүүмжлэлтэй хандана. Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Идэвхтэн шөнө дөл хүртэл суугаа ажилчдынхаа өрөөгөөр хэдийд ч орж ирээд, ажил амьдралыг нь асууна, долоо хоногт нэг удаа тойрч, асуудал шийднэ. Л.Амарсанаа дарга нь үүдээр орж ирээд л үйлчлэгч, харуулаас эхлээд бүх хүний нэр дуудан мэндэлж байх нь удирдагч хүмүүсийн чанар агаад тийм байж гэмээнэ хамт олныхоо сэтгэлийг олж, эрч хүчийг бадраадаг болов уу гэсэн Халиуны яриа үнэн л дээ.

2007 оны МАН-ын бага хурлын үеэр улаан алчуур зангидсан эмэгтэйчүүдийн байгууллагынхан Шийдвэр гаргах түвшинд Эмэгтэйчүүдийг гэсэн “Лобби 25%” ажиллагаа явуулав. “Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлье” гэсэн уриа бариад л гүйж явсных нь үр дүнд МАН дүрмэндээ 25 хувийн эмэгтэйчүүдийн квотыг улс төрийн намуудаас анх түрүүн суулгаж өгсөн юм. Одоо энэ зарчим улам бүр баталгаажин хэрэгжиж байгаа. Холбооныхоо ажлаар Монголын хөдөө нутгийг хөндлөн гулд туулж, ухуулга суртал хийнэ. Нэг удаа Дорнод аймагт Удирдах Зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонтой ажиллаад буцахад хамт явсан Д.Басарсад агсан “Ийм залуу эмэгтэйчүүд намыг маань сонгон, өнгөлөн ажиллаж байгаад урам зориг сэргэлээ. Хөдөө нутгийнхан ч тийм бодолтой үлдлээ.

Жинхэнэ намын кадр, лидер эмэгтэй болох өсөх ирээдүйтэй байна шүү, Халиунаа дүү минь, хэдхэн хоногт үг хэл нь цэгцэрч, илтгэж, улс төрч эмэгтэйн төлөвт хурдан суралцаж байна” гэсэн хашир буурьтай хүний үг түүнийг өнөөдрийг хүртэл хөглөн явна. Туяа эгчтэйгээ мөн л хөдөө явж байхдаа насан туршийнхаа ханийг дэргэдээ жолоо мушгиж, ажил, амьдралынх нь алтан шар замыг залж эхэлснийг яахин мэдэх.

Дунд сургуулиа төгсөхдөө заавал дурсгалтай зүйл үлдээнэ хэмээгээд ангийн хэсэг нөхөдтэйгээ том шоу тавьж байсан нь ёстой л түүх болон үлдсэн. Оюутан ахуйдаа сургуулийнхаа нэрийг гаргаж, дуулж, бүжиглэж явсан энэ эмэгтэйн эргэн тойронд ажил, арга хэмжээ оргилоостой. Цагаан зам, дулаан цэнэг ялгардаг байх. Олон ч удирдагч, хамт ажиллагсад нь өөдөө дээшээ явсан. Угаас нам, намын эмэгтэйчүүдийн дээд байгууллагад бүх зүйл шулуун шударгуу, эвтэй, бүтэмжтэй байх боломжгүй. Хүн байгаа цагт алдаа оноо, харилцааны бүх л хандлага явагдана. Жам нь өөрөө тийм. Ганцхан тэр дунд ноён нуруугаа бариад, зарчмаа хадгалаад явахыг Б.Халиун баримтална. 
Угаас тууштай хүнийг амьдрал өөрөө шагнадаг юм.

                                                  Сэтгүүлч Б.ОЮУН-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • аврагч
    Онцгой байдлын дэслэгч сэтгүүлч ОюунЭрдэнэ гэгч хүчний байгууллагыг яагаад улс төржүүлээд эхлэв ээ, байгаа газраа зүгээр явж чадахгүй гэмтэй авгай даа
    2015 оны 08 сарын 25 | Хариулах