Хуягт VIP сүмд тавтай морил

Д.БАЯСГАЛАН

        Хонконгийн Энхийн толгод  дээр сум нэвтэрдэггүй хуягласан,  VIP зочдод зориулсан тусгай өрөөнүүдтэй  дэлхийд хамгийн өндөрт орох Будда бурхны хөшөөтэй сүм баригдсан талаар “CNN” мэдээлжээ. Сүмийг Азийн тэргүүн баяны нэг болох Ли Ка Шин санхүүжүүлж 193 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэхүү  сүм хөлбөмбөгийн есөн талбайтай тэнцэх хэмжээний буюу 500 квадрат метр талбайтай ногоон байгууламж дунд байдаг аж. Сүм өдөрт 400-500 хүн хүлээж авах хүчин чадалтай. Одоогоор групп аялагчдыг хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгджээ. Учир нь сүмийн ариун тансаг уур амьсгалыг алдагдуулах гэмтэй гэж ламтан ярьсан байна.

Сүмийн төсөл 2003 онд эхэлж барилгын ажил таван жил үргэлжилжээ. Бурхны хөшөө 76 метр өндөр. Энэхүү өндөрлөгөөс Хонконг болон зэргэлдээх хэд хэдэн арлыг харж болохуйц аж. Мөн 24 каратаар алтадсан хэд хэдэн  бурхантай. Энэ сүмийн хамгийн онцлог газар нь сум нэвтэрдэггүй хуягласан өрөө гэнэ. Эдгээр өрөөний нэгд дэлхийн орон бүрээс ирэх ламтнууд амьдрах юм байна. Энэхүү нийтийн байрны цонх нь ч мөн адил сум нэвтэрдэггүй. Хуяглагдсан байр, цонхны талаар тус сүмийн ерөнхий нарийн бичгийн дарга Нгай Кай-шу “Манай чухал зочид тухайлбал, Таиландын  хамба ламын ая тухыг хангахад зориулагдсан юм”хэмээн тайлбарлажээ.  

Сүмд очигсод хятад лаа, мах, архи бусад хүнсний зүйл авч орохыг хориглосон байна.  Нгай орон нутгийн хэвлэлд өгсөн яриандаа “Хятад лаанаас өөр бурханд талархах олон арга бий” гэжээ. Одоо тус сүмд Зүүн Азийн орнууд, Хонконгийн лам нар ажиллаж амьдарч байгаа аж.

Хосгүй сүм дөрөвдүгэр сарын 15-нд олон нийтэд үүдээ нээж интернэтээр захиалга авч эхэлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.242.243.3)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 05 сарын 11 | Хариулах