Берлин хүрсэн морьд хөшөөтэй боллоо

Д.БЭХИ

Хэдхэн хоногийн өмнө сошиал сайтуудаар гарсан монгол морьдын хөшөөний учиг тайлагджээ. Москва дахь Монголын Элчин сайдын яамны байрны дэргэд “Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг манай талаас Оросын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Зөвлөлт Монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд уран бүтээлчид хамтран энэхүү хөшөөг бүтээжээ.

Берлин хүртэл явсан жижиг биетэй ч хүч чадалтай, эзэндээ үнэнч монгол морьд ийнхүү хөшөөтэй боллоо. Дайн эхэлсэн 1941 оноос хойш монголчууд агт морьдоо фронт руу илгээж байсан бөгөөд 1943 он гэхэд таван морины нэг нь монгол морь байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Фронтод манайхаас нийт 500 мянга орчим морь илгээсэн байдаг. Өөртөө баймгүй их хүчийг гарган зүтгэж өөрөө хоолоо олж иддэг байсан морьдыг оросууд “монголок” хэмээн өхөөрдөн нэрлэдэг байсан гэж фронтын ахмад дайчид дурсан ярьсан байдаг.

“Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах ёслолын арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар болон хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон байна.

Ялалт ямар үнээр ирсэн бэ

-1941 оны зургадугаар сарын 22-ны өглөөний 04 цагт эхэлсэн дайн 1418 хоног үргэлжилжээ.
-Оросын ЗХЖШ-аас гаргасан тоо баримтаар Зөвлөлтийн арми 11 944 100 хүнээ алдсанаас дайнд эрсэдсэн 6 885 000, сураггүй болсон, олзлогдсон нь 4 559 000 хүн. ЗХУ нийт 26 сая 600 мянга  орчим хүнээ алдсан.
-Байлдааны үйл ажиллагаанд 35,5 орчим сая зөвлөлтийн цэргийн албан хаагч оролцсон. Арми, флотод алба хаахаар 490 мянган эмэгтэй цэрэгт татагдсан.
-Дайнд хохирсон 13,7 сая энгийн ард иргэдээс 7,4 сая нь немцүүдэд  алагдсан, 2,2 сая нь Германд ажиллаж байхдаа, 4,1 сая нь эзлэгдсэн газар нутагт өлсгөлөнгөөр үхсэн.
- Эх орны дайны үеийн нэг аймшигт үе бол 1944 оны дөрөвдүгээр сарын 27-нд дууссан Ленинградын бүслэлтийн 880 хоног байсан. 632 мянга 253 хүн үрэгдсэн гэдэг тоо баримт байна.

-Дайны хүнд жилүүдэд Зөвлөлтийн 1710 хот,70 гаруй мянган тосгон, 32 мянга орчим үйлдвэр,завод, 98 мянга орчим сангийн аж ахуй эвдэрч сүйрсэн байна. Эдгээр гамшиг, сүйрэлд нийт 128 тэрбум долларын гарз хохирол амсчээ.
-Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтөд 870 мянган нэгж цэргийн техник үйлдвэрлэгдсэнээс 120 мянга нь онгоц, 90 мянга танк, 360 мянга их буу, 300 мянга миномёт байжээ.
-Зөвлөлтийн байлдаж явсан таван хүн дутмын нэг нь шагнагджээ. Зөвлөлтийн баатар цолоор 11681 хүн шагнагдсаны 104 нь хоёр удаагийн, гурван хүн /Г.К.Жуков, И.Н.Кожедуб, А.И.Покрышкин/ гурван удаагийн баатар цолоор шагнагджээ.
Зөвлөлтийн баатар цолоор шагнагдсан цэргийн албан хаагчдын 35 хувь цэрэг байлдагч нар, 60 хувь орчим нь офицер, 380 гаруй генерал,адмирал,маршал байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.