Сурагчдад үйлчлэх шинэ автобусын эхний тавыг сургуулиудад хуваарилна

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хотын захын хорооллын сурагчдыг тээвэрлэх сургуулийн автобусыг өнгөрсөн хичээлийн жилээс явуулж эхэлсэн. Энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх 200 шинэ автобус явуулах бөгөөд эхний таван автобусыг захын хорооллын сургуулиудад өнөөдөр хүлээлгэн өгөхөөр төв талбайд байрлуулжээ. 

Улаанбаатар хотод улсын 224 дунд сургууль бий. Эдгээр сургууль руу дунджаар 30 мянган сурагч нийтийн тээвэр болон автобусаар сургууль руугаа явдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс эхний ээлжинд холоос явдаг 15 мянган сурагчийг дээрх 200 шинэ автобусаар тээвэрлэх боломжтой гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас 2018 онд хийсэн байна.

Энэ нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хүүхэд тээвэрлэх олон улсын евро-5 стандарт хангасан дизель хөдөлгүүрт автобус. Сургуулийн автобус явуулснаар Улаанбаатар хотын замын түгжрэл буурна. Сурагчийн автобусыг хүүхдийн зуслан, төрөл бүрийн аяллын зориулалтаар хүүхэд тээвэрлэхэд давхар ашиглах юм” гэж Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан мэдээлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.