"Махны үнэ кг тутамдаа 2,500-3,000 төгрөгөөр нэмэгдэж, хэрэглэгчийн гарт очиж байна"

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр МЕХГ-ын Мал эмнэлгийн улсын хяналтын ахлах байцаагч н.Ганхуяг махны хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. 

“МЕХГ-аас Эмээлт, Налайх дахь уламжлалт аргаар мал төхөөрч байгаа зургаан үйлдвэр, мах боловсруулах зургаан үйлдвэр, махны төрөлжсөн худалдаа эрхэлж байгаа дөрвөн газарт хяналт шалгалт явууллаа. 

Ингэхдээ махны хадгалалт, тээвэрлэлтийн ариун цэврийн чиглэлээр голчлон ажиллалаа. Шалгалтаар Хонхорын цагдаагийн постоор 2020 оны аравдугаар сарын 2-ны 00:00 цагт Сүхбаатар аймгаас портер машинаар 87 хонины гулууз махыг Зөвхөн Сүхбаатар аймагт хүчинтэй гарал үүслийн гэрчилгээгээр нийслэл рүү тээвэрлэсэн. 

Мөн “Дунпан интернэйшнл” компанийн махны үйлдвэрийг Баянхонгор аймгаас ирсэн 680 толгой ямааг хүлээн авсан. Эдгээр ямааг хүлээн авах явцад 17 нь хорогдож, үйлдвэрийн хашаанд сэг нь олон хоносныг хяналтын камераас илрүүлсэн. 

Эмээлт дэх амьд малын захын хажууд мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон. Түүнчлэн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй газарт мал төхөөрч байгаа газруудыг илрүүлсэн холбогдох арга хэмжээг авсан" гэв. 

Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Махны 5-6 шат дамжлагыг дамжиж, кг тутамд 2,500-3,000 төгрөг нэмэгдэж байна. Нэг кг хонины мах 5,000 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа ч хэрэглэгчийн гар дээр 8,000 төгрөгөөр ирж байна" гэлээ. 

Мөн хятад эзэнтэй мах бэлтгэдэг компаниудад шалгалт хийхээр очиход ихэнх нь төрийн байгууллагаас шалгалт хийх гэж байгаа мэдээлэл авч, үйлдвэрээ хаасан байжээ.

Эх сурвалж:Ikon.mn

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.