Д.Түвшинжаргал: Засгийн газрын бүрэлдэхүүнээ дагаж сонголт хийвэл Завханы хөгжил түргэснэ

Монгол орны баруун хойд хязгаарт байх үзэсгэлэнт Завхан нутаг хөгжлөөрөө сүүл мушгиж буй нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж буй. Завханы хөгжил түргэсэх үү, эс бөгөөс энэ хэвээрээ он цагийг элээх үү гэдэг нь тухайн орон нутгийн удирдлагын хандлага, ёс зүй, хариуцлагаас 100 хувь хамааралтай. Тэгвэл завханчууд хэдхэн хоногийн дараа өөрсдийн болоод үр хүүхэд, хойч үеийнхээ ирээдүйг шийдэх сонголттой тулгарах гэж байна. Тиймээс Завхан аймгийн МАН-ын дарга, аймгийн ИТХ-д Их-Уул сумаас нэр дэвшигч Д.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Улс төр, төрийн албанд ёс зүй, хариуцлагын асуудлыг иргэд хурцаар тавьж шүүмжилж байна. Энэ утгаараа та хэр ёс зүйтэй, хариуцлагатай, чансаатай хүмүүсийг нэр дэвшүүлсэн гэж намын даргын хувьд дүгнэж байна вэ?

-МАН бол боловсон хүчин сайтай нам. Энэ утгаараа аймгийн иргэдийн Хуралд нэр дэвшихээр хүсэлт ирүүлсэн 174 хүнд тодорхой шалгуур тавьсны эцэст 41 нэр дэвшигчийг тодруулсан. Ерөнхийдөө эмч, багш, бизнесмэн гээд өндөр боловсролтой хүмүүс багтсан. Аймгийн намын хорооноос сумдын намын байгууллагатай ярилцахаас эхлээд Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж маш нарийн шүүлтүүрээр гаргаж ирсэн. Ингэхдээ ёс зүй, хариуцлагыг гол шалгуураа болгосон. Үүнийг ч 41 нэр дэвшигч маань давсан.

-МАН-ын хувьд багийн тоглолтыг чухалчилдаг. Нэр дэвшигчдийн хувьд энэ чадварыг хэр эзэмшсэн гэж бодож байна вэ?

-Аймгийн намын даргын хувьд энэ чадварыг гэсэн голчилсон. Намын бодлого шийдвэрийг барьж, баримталж, нэг зорилгын төлөө тэмцэж, ажиллаж чаддаг байх нь маш чухал.

"ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ДАГАЖ СОНГОЛТ ХИЙВЭЛ ЗАВХАНЫ ХӨГЖИЛ ТҮРГЭСНЭ"

-Улсын хэмжээний судалгаагаар Завхан аймаг хамгийн хөгжил муутай гэж дүгнэгдсэн. Энэ ямар учиртай юм бол? Улс төрөөс үүдэлтэй юм болов уу?

МАН эсвэл АН гэдэгтээ чухал биш. Завхан аймаг хөгжих ёстой юу гэвэл хөгжих ёстой. Гэтэл яагаад хөгжлөөрөө хоцорч байна вэ гэхээр дээд шатны сонгуульд АН яллаа гэхэд орон нутгийн сонгуульд МАН-ыг гаргачихдаг. Өөрөөр хэлбэл, зөрсөн сонголт хийснээс болж хөгжлийн хоцрогдол үүссэн гэхэд болно.

Би 2012-2016 онд аймгийн Тамгын газрын даргаар ажиллаж байлаа. Тухайн үед АН засаг барьж байсан болоод тэр үү, хөрөнгө мөнгөний санхүүжилтээс эхлээд хүндрэлтэй зүйл олон гарч байсан. Тиймээс одоо Засгийн газрын бүрэлдэхүүнийг дагаж орон нутгийн сонгуульд саналаа өгөх нь зүйтэй байх.

-Яг энэ асуудлыг цөөнгүй улс төр судлаачид ярьж байна лээ.

-Тэгэлгүй яах вэ. Манай аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаныхан хэд хоногийн өмнө ажилласан юм. Тэгэхэд “Дагуулсан сонголт хийх нь зөв. Учир нь нэг намын хүмүүс ойлголцож, хамтарч ажиллахад хялбар байх болно” гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдтай Завхан аймгийн Засаг дарга амархан ойлголцож чадаж байвал асуудлаа түргэн шийдүүлж чадна гэдэг санаа юм л даа. Түүнээс биш, хэн байх нь хамаагүй шүү дээ. Нэг үзэл баримтлалтай, нэг зорилгын төлөө хамтдаа алхаж яваа хүмүүс амархан ойлголцдог шүү дээ. Тэр хэрээрээ ажил урагшилдаг гэсэн санаа юм даа.

-Та Их-Уул сумын унаган хүүхэд. Энэ утгаараа сумын иргэдийнхээ аж амьдралыг сайн мэдэх болов уу. Ийм зүйл хийвэл иргэдийн орлого нэмэгдэнэ дээ гэсэн ямар бодол тээж явдаг вэ?

-Иргэдийнхээ амьдралыг сайн мэдэлгүй яах вэ. Сумын арван жилийн сургуульд багшлахаас эхлээд сумын Засаг дарга хүртэл 14 жил тасралтгүй эндээ ажилласан. Намын хөтөлбөрөө айл өрхүүдэд танилцуулахдаа иргэдийн орлогыг хэрхэн нэмэгдүүлж, эх үүсвэрийг нь хамгаалах вэ гэдэг асуудлыг хөндөж, судалж байна.

Манай сумын хувьд байгалийн баялаг арвинтай. Иргэдийн хувьд маш их хөдөлмөрч. Цагаан идээгээ боловсруулахаас эхлээд арьс, ширэн бүтээгдэхүүн боловсруулна. Эндээс үзвэл, сүү боловсруулах жижигхэн үйлдвэр байгуулбал цагаан идээгээ дотооддоо 100 хувь боловсруулах боломжтой. Дагаад ажлын байр бий болохоос эхлээд Их-Уул болон зэргэлдээ сумын малчин өрхийн орлого нэмэгдэх сайн талтай. Энэ мэтчилэн хийх ажил их байна. Нөгөөтэйгүүр, төрд ажилладаг хүмүүс нь шударга байгаасай, иргэдийнхээ төлөө сэтгэлээсээ ажилладаг байгаасай гэдэг чин хүсэл тээж явдаг.

-Тэгвэл асуудлыг өргөн цар хүрээгээр харвал, аймгийн хэмжээнд ямар арга хэмжээ авч байж өнөөгийн хөгжлийг түргэсгэх боломжтой вэ?

-Манай аймаг алсуураа дэд бүтцийн хөгжил сул талдаа. Дагаад үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх боломж хомс. Энэ утгаараа яг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсээ дэмжихээс эхлээд, өрхийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж иргэдийн ахуй амьдралд тохирсон менежмент нэвтрүүлбэл зүйтэй.

Би өмнө нь аймгийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа “Завхан аймгийн хөгжлийн стратеги” гээд онол, практикийн хурал хийсэн юм. Завхан аймгийнхаа эрдэмтэн, судлаачдыг цуглуулж, санаа оноог сонсч, ном болгож, халаа авсан хүмүүстэй хүлээлгэж өгсөн.

-Энэ төлөвлөгөө хэрэгжсэн үү?

-Харамсалтай нь үгүй. Улс төрийн, бүр тодорхой хэлбэл нам харьяаллаас болж хэрэгжсэнгүй. Уг нь суурь судалгаа хийсэн эрдэмтэн, мэргэдийнхээ дэвшүүлсэн санааг хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж Завхан аймаг хөгжинө. Түүнээс биш “Би ийм юм хийнэ, тэгнэ” гэж цээжээ дэлдэх нь сонин биш.

-Иргэдтэй уулзаж байхад Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна лээ. Үнэхээр хүртээмж муу, танил талдаа зээл олгодог юм байх даа?

-Янз бүр. Сум сумаасаа шалтгаална. Зохих журмын дагуу хэрэгжүүлдэг нь ч байна, үгүй нь ч байна. Тухайн сумыг удирдаж байгаа удирдлага, ажилдаа хандах хандлагаас хамаарна. Уг нь сум бүрт очих мөнгөн дүн адил шүү дээ. Тэгтэл тухайн даргыг сонгосон иргэдэд зээл түлхүү олгодог байдал мэр сэр гардаг.

-Та ийм зүйлтэй бодитоор таарч байсан уу?

-Тааралгүй яах вэ. Аймгийн Тамгын газрын байхдаа “Хэдхэн хүн сангийн зээлийг хувааж авлаа” гэж маш их шүүмжилж байлаа. Үүнээсээ болж олон ч удаа нүд үзүүрлэгдсэн.

-Иргэдийн дунд “Хэн нь ч ялсан бай, хамаагүй. Бүгдээрээ л адилхан” гэдэг хандлага түлхүү байсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН нэг мөсөн итгээд сонголтоо хийнэ гэсэн хандлага байна. Иргэдийн итгэлийн хэр хүлээж чадах бол?

-Шийдвэрийг нэг хүний биш олон нийтийнхээ санаа бодлыг тусгасны үндсэн дээр гаргах учиртай. Түүнээс биш өөрийнхөө ашиг сонирхлыг голчилсон шийдвэр гаргавал аймаг орон хөгжихгүй. Харин олон түмний эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхлыг шингээсэн шийдвэр гаргавал амьдрах чадвар сайтай байдаг. Ач холбогдлын ч хувьд шүү дээ. Энэ утгаараа МАН-д ард түмэн итгэл хүлээлгэвэл ард түмнээ сонсдог, тэднийхээ эрх ашгийг хамгаалдаг, хөгжлийн төлөө, алсын хараатай хамтдаа зүтгэж ажиллах болно.

-Аймгийн МАН-аас иргэдийн ахуй амьдрал, орлогыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, аймгийн хөгжлийг хурдасгах асуудлыг нарийн харж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна лээ. Гэхдээ магадгүй “Үүнийг үлдээчихлээ дээ” гэсэн зүйл бий юу?

-Аль болох бүх талын асуудлыг судалж, багтаахыг хичээсэн. Манай баг жил гаруйн хугацаанд аймгийнхаа 24 сумаар явж, хэд хэдэн удаа судалгаа авсан. Тэгэхэд нэг л зүйл ажиглагдсан. Хаана ч очсон “Намайг ажилтай, орлоготой болгоод өгөөч” гэж нэг ч хүн асуугаагүй. Харин “Шударга ёсыг нийгэмд тогтоогоод өгөөч” гэж бүх сумын иргэд нэн тэргүүнд хүссэн. Нийгэмд шударга ёс тогтвол ажилтай, орлоготой болно гэдгээ иргэд мэдэж байна шүү дээ.

Тиймээс зээл нь зохих эзэндээ хүрдэг, төрийн үйлчилгээ нь иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй хүрдэг, тендерийн булхайгүй, эрх баригчид нь ард түмэндээ үнэнийг өчдөг байвал Монгол Улс хөгжих амархан.

Эх сурвалж:News.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.