Л.Мөнхтүшиг: Монголд байнга оршин суудаг гадаадын 200 орчим иргэнийг энэ сарын 29-нд хүлээн авна

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, 2020 оны нэгдүгээр сарын 6-наас 9-р сарын 22-ныг хүртэл дэлхийн 81 улсаас 22191 иргэнийг эх орондоо авчирлаа. 15685 иргэнийг тусгай үүргийн онгоцоор, 4176 иргэний БНХАУ-аас авчирсан. Үүнд бага насны хүүхэдтэй 2659 гэр бүл ирсэн.  

Есдүгээр сарын нислэгүүд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Өнөө өглөө УБ-Будапешт-Франкфурт, УБ-Сидней чиглэлийн хоёр онгоц хөөрлөө. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа 120 гаруй оюутнуудыг өглөөний онгоцоор хүргэж байна. Ингэснээр МИАТ-ын онгоц Будапешт хот руу анх удаа нислэг хийж байна. 

Монголд байнга оршин суудаг, холимог гэр бүл, Монголд хөрөнгө оруулалт хийдэг, хөдөлмөр эрхэлдэг гадаадын 200 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Тиймээс 9-р сарын 29-ний өдөр нэг нислэг үйлдэж, иргэдийг “Рамада”, “Новотел” зочид буудалд тусгай үнээр байрлуулах учир манай тусгаарлах байруудад асуудал үүсэхгүй.

10-р сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг Шадар сайд бөгөөд УОК-ын даргад танилцуулан батлуулсан. Урьдчилсан хуваарийг өнөөдөр танилцуулж байна. Энэ хуваарийг эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоонд тулгуурлан гаргасан.
Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 10600 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Гэхдээ бид энэ мэдээллийг бүх ЭСЯ, Консулын газраараа дамжуулан нягталж байна. Зарим иргэд 11 12 сард буцна гэж хүсэлтээ хойшлуулж, зарим нь буцахаа болилоо гэж байгаа учир 10600 гэдэг тоо бодитой биш байна. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 5200 гаруй нь БНСУ-аас буцах иргэд байгаа учир Сөүл хот руу 7 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн.

10-р сарын нислэгийн урьдчилсан хуваарь:

  • 10-р сарын 4-5-нд Нурсултан хот руу
  • 10-р сарын 8, 12, 16, 17, 18, 19, 20-ны өдөр Сөүл хот руу /16-ны нислэгээр гуравдагч орноос транзит зорчигчдыг авна/
  • 10-р сарын 10-ны өдөр Токио хот руу
  • 10-р сарын 23-нд Франкфурт хот руу нэг нислэг үйлдэж Европын орнуудад байгаа иргэдээ татна. АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч батлагдаагүй байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.