АНУ-ын Конгрессын доод танхим Шинжааны хоригийг баталлаа

АНУ-ын Конгрессын доод танхим Шижааны хоригийг баталлаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд өчигдөр (2020.9.22) Шинжаан-Уйгур дахь албадан хөдөлмөр эрхлүүлэлтийг ашиглан үйлдвэрлэсэн Хятадын бараа бүтээгдэхүүний эсрэг импортын хоригийг баталлаа. Ардчилсан намын олонх Конгрессын доод танхимд Хятадын барааны эсрэг импортын хоригийг 406 төлөөлөгч дэмжсэн бол ердөө гурван хүн эсрэг санал өгчээ.

АНУ-аас Хятадын алс баруун хязгаарын Шинжаан-Уйгурын бүс нутгаас авдаг улаан лооль, хөвөнгийн импортыг зогсоохоор бэлтгэж байгааг Гааль, хилийн хамгаалалтын албанаас өмнө нь мэдээлж байсан.

НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр Шинжаан дахь нэн сая шахам уйгур үндэстнийг Хятадын хэл, соёлд сургах нэрийдлээр хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлэх, эрүү шүүлт тулгах, хүчирхийлэл үйлдэж байна. Үүний эсрэг АНУ болон бусад орнуудын зүгээс Хятадад шахалт үзүүлж, хүний эрхийг зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж буй.

Шинжаан дахь Албадан боловсрол олгох төвд хоригдсон хүмүүст хүчээр Хятадын соёл, итгэл үнэмшлийг зааж, хүлээн авахаас нааш сулладаггүй аж. Албадан боловсрол олгох төвийн асуудлаар өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Хятадаас тайлбар авсан юм.

Шинжаан-Уйгур дахь Хятадын бодлого өмнө нь салан тусгаарлах бослого тэмцлийг дарах байсан бол өдгөө Ши Жиньпиний санаачилсан Азийг Европтой холбох нэг бүс-нэг зам худалдааны чиглэлийн газрын маршруттай холбоотой өөрчлөгджээ. Шинжаан-Уйгур нь Хятадын бусад мужаас хамгийн олон улстай хиллэдэг, 5600 км урт буюу хамгийн урт хуурай замын хилтэй муж. Нийт 47 үндэстэн, ястнаас бүрдсэн 23 сая хүн амтай. Тус мужид Хятадын Засгийн газраас дэд бүтэц, санхүүгийн салбарт гурван их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Эх сурвалж: Reuters

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.