Б.Нэмэхбаатар: “Үүнийг бид бүтээсэн дээ” гэж нүүр бардам явах нь бидний хамгийн гол зарчим

2016 онд Гавьяат барилгачин цол тэмдгээр энгэрээ мялаасан нь 

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжөөд хэдийнэ 94 жилтэйгээ золгожээ. Хийсэн бүтээсэн нь түмний өмнө илхэн харагддаг барилгын инженер мэргэжил энэ салбарын гол түлхүүр нь гэдэгтэй хэн ч маргашгүй. Тун удахгүй 100 дахь жилээ угтах Монголын Барилгын салбарт өөрийн гэсэн тод мөртэй, бүтээн байгуулагч нэгэн эрхмийг бид хоймортоо урьсан юм. Энэ хүн бол “Заг” группийн Ерөнхийлөгч, Барилгын инженер, Гавьяат барилгачин Б.Нэмэхбаатар.

-Танд Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ярилцлагаа таны эзэмшсэн барилгын инженер хэмээх сайхан мэргэжлээр эхлүүлье?

-Баярлалаа. Юуны өмнө хамтран зүтгэгчиддээ, мөн “Заг” группын хамт олондоо, Монголын Барилгын салбарт цаг наргүй ажиллаж, нөр их бүтээн байгуулалт хийж буй мэргэжил нэгт нөхөддөө баярын мэнд хүргэе. Барилгын инженер гэх энэ эрхэм сайхан мэргэжлийг эзэмшээд би хэдийнэ 35 жилийг үдсэн байх юм. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм. Миний үед их сургуульд конкурс өгөхөд, авсан онооныхоо дагуу таарсан мэргэжлээ сонгож, тэр чиглэлээрээ л суралцдаг байсан. Яг тэр зарчмаар би анх уул уурхайн мэргэжил сонгож сурсан хүн шүү дээ. За тэгээд сурлаа. 1-р курсээ төгсөх жил яагаад ч юм барилгын инженер мэргэжил таалагдаад болдоггүй. Явж явж ёстой л сэтгэл зүрхний дуудлагаа л сонссон доо. Ингээд л ангиа сольж дуртай ангидаа, дурласан мэргэжлээрээ сурсан юм. Тэр цагаас хойш би “Барилгачин” болж, барилгын салбартаа чин үнэнчээр, тасралтгүй 35 жил хүчин зүтгэж явна даа. Тийм болохоор энэ мэргэжилдээ үнэхээр хайртай. Ердөө зургаан жилийн дараа Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохионо. Сурсан, ажилласантайгаа нийлээд энэ 100 жилийн 41 жилд нь хамт байсан гэхээр үнэхээр бахархмаар сайхан санагдаж байна. 

-Та өмнөх нийгэм буюу социализмын үед сургуулиа төгсөж, ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан хүн. Ажлын гараагаа хэрхэн, яаж эхэлж байсан түүхээсээ хуваалцаач? 

-Тэр үед Улаанбаатар хотын Барилгын нэгдсэн трест гэж том байгууллага байлаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын дийлэнхийг хийж гүйцэтгэдэг том айл л даа. Би сургуулиа төгсөөд тэнд анх барилгын нормчноор ажилд орж байсан юм. Тухайн үеийн хүний нөөцийн систем ер нь тун хатуу, ямар сургууль төгсөж, ямар мэргэжил эзэмшснээс үл хамаарч энэ чиглэлээр ажиллахаар хуваарилагдсан хүн бол Барилга трестэд нормчноос л эхэлнэ. Тэгээд дараа нь бригадын дарга, мастер, даамал, инженер, бүр цаашлаад хэлтэс, газрын дарга гээд л өсөж хөгжинө дөө. Орчин цагийн мерит зарчим социализмын үед яг утгаараа хэрэгждэг байсны нэг жишээ энэ. Миний бодлоор тун зөв, зүйтэй, авууштай систем байсан. Дарга боллоо гэхэд өөрөө доод шатнаас нь эхэлсэн болохоор ажлаа мэдэхгүйн зовлон байхгүй. Тэр үед хавраас эхлээд л улсын өмчийн бүх барилгуудад засвар хийдэг жишигтэй байлаа. Айлуудыг зусланд гарсан хойгуур байранд нь бүтэн засвар хийгээд дуусгачихдаг байлаа. Одооны залуус сонсвол ёстой мэл гайхах байх даа (инээв). Тэр үед бүх орон сууц хувийн биш, улсын өмч байлаа шүү дээ. Улсын баяр, наадам дөхөөд ирэхээр төв зам дагасан барилгуудын өнгө үзэмжийг сайжруулахын тулд гадна засварын ажил гэж маш том кампанит ажил эхэлнэ. Тэр бүх ажилд оролцож, бригад удирдаж, сүүлдээ трестийнхээ Ерөнхий инженер болсон. Ёстой л үнэнч шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж, шатлан дэвшсээр төдий зэрэгтэй болсон нь тэр.

Барилгын  нэгдсэн  трестийн ажил байдлын зураг 

-Үнэхээр сонирхолтой түүх юм. Ингэхэд та яг хэзээнээс хувийн хэвшил рүү орж, компаниа байгуулж байсан бэ. Тэр түүхээ хуваалцаач?

-Би компаниа анх “Заг” пүүс нэртэйгээр 1992 онд байгуулж байлаа. Бидний үед компани гэсэн ойлголт байгаагүй. Сүүлд л компани гэж нэрлэгддэг болсон. Тэр үед компани байгуулж байгаагаа ч мэдээгүй, барилгын бригадаа удирдаад л өдөржин ажиллаад явчихдаг байж билээ. Эх орон маань социализмаа халж, ардчилсан системээр замналаа. Дагаад хувийн хэвшлүүд ч үүслээ. Өмч хувьчлал явагдлаа. Энэ мэтчилэн хэдэн жил дараалсан, учрыг нь олоход ярвигтай зүйлс өрнөж байсан цаг үе. Тэр үед би 30-аад хүнтэй барилгын бригадаа сайн удирдаж, тэднийгээ ажилтай, орлоготой байлгахыг л хичээдэг байлаа. Гэхдээ бид дан ганц барилгын салбарт ажиллаагүй ээ. Гадаадад ажиллах хүч зуучилсан Монголын анхны компани явлаа. Вакум цонхны, хуурай хольцийн, зуурмагийн, явган замын хавтангийн гээд барилга, бүтээн байгуулалтад өргөн хэрэглэгддэг материалаа өөрсдөө үйлдвэрлэж үзлээ. 

Бүгд амжилттай болоогүй ч, бүтэмжтэй сайхан хэрэгжиж байгаа төслүүд бий бий. Хамт олонтойгоо хичээж ажилласны хүчинд бид эдгээр бизнесүүдээ хөл дээр нь босгосон гэж үздэг. Тухайлбал, манай “Заг инженеринг” компани барилгын салбартаа нэр хүндтэй, чанартай гүйцэтгэл, бүтээн байгуулалт хийдэг сайхан хамт олон болж өргөжсөн байна. Мөн инженер техникийн чиглэлийн гурван сургуультай болсон. Уул уурхайн компани маань Ковидоос болж хил хаасны уршгаар хүнд байдалд байгаа ч бид эдгээр бизнесээ ирээдүйд амжилттай явна гэдэгт итгэлтэй байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манайх 450 орчим ажилтантай, өнөр өтгөн гэр бүл болжээ. Байгуулагдсан цагаасаа хойш бид 2600 гаруй айлын өргөө гэрийг нь барьж бүтээн, хүлээлгэн өгсөн төдийгүй зам засвар, барилга бүтээн байгуулалтын 70 орчим ажлыг хийж гүйцэтгэн 16,000 орчим оюутан төгсгөсөн байна. Үүгээрээ бид үнэхээр их бахархдаг. Барилгачин болохоор ч тэгдэг юм уу мэдэхгүй, бүтээн байгуулсан бүхнээ харахад амжилт, хөдөлмөр өрнөж байсан тэр цаг үе маань дурсагдаад үнэхээр сайхан байдаг юм. Ингээд нийт хамт олондоо, энэ олон жилийн хугацаанд хамтран ажиллаж байсан үе үеийн ажилтан, албан хаагчиддаа “Заг” групп байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

-Байгуулагдсан цагаасаа хойш танай компани ер нь хичнээн барилга ашиглалтад оруулсан бэ. Та худалдан авагчидтайгаа бас ийм найрсаг, сайхан харьцдаг болов уу. Хамгийн сүүлд хийсэн бүтээн байгуулалтаа дурдвал.

-Манай компани ер нь барилга угсралтын талдаа түлхүү ажилласан туршлагатай. Миний санахын зам, барилга нийлсэн 300 орчим төсөл дээр ажиллаж, хүлээлгэж өгсөн байдаг юм. Яг өөрийн барьсан байшин гэвэл 2600 гаруй айлын зургаан орон сууцны хотхоныг дурдаж болно. Хамгийн сүүлд улаанбаатарчуудын андахгүй “Хийморь” хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Зөвхөн барилгачин ч гэлтгүй ер нь ямар ч хүн өөрийн хийсэн бүтээсэн зүйлдээ 100 хувь итгэлтэй, тууштай байх хамгаас чухал. Тиймээс миний хувьд ч тэр, компанийн хувьд ч тэр бүтээн байгуулсан хотхонуудынхаа хажуугаар өнгөрөхдөө “Үүнийг бид бүтээн байгуулсан шүү дээ” гэж нүүр бардам явахыг гол зарчмаа болгон ажилладаг. Өмнөх туршлагууд дээрээ суурилан дараа дараагийн хотхон, бүтээн байгуулалтуудаа улам чанартай, сайн хийхийг зорьдог. 

Хэдийгээр “Хийморь” хотхон маань манай сүүлийн төсөл боловч бид одоо хүртэл хотхондоо өөрчлөлт, сайжруулалтыг хийсээр л байдаг. Бид хотхоноо анх ашиглалтад оруулахдаа төвийн шугаманд холбоно гэж амлаж байсанчлан энэ жил төвийн шугамд холбох техникийн нөхцлөө авсан. Ингэснээр бид “Хийморь” хотхоноо төвийн инженерийн шугам сүлжээнд холбохын зэрэгцээ манай Чандманийн аманд амьдардаг иргэд Мишээл худалдааны төврүү шууд явж болох явган болон дугуйн зам бүхий гүүрэн гарцыг төв шугамын хамт ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр манай хотхоны оршин суугчид заавал Зайсан ч юм уу, Яармагийн гүүрээр гарч байж 19-р хороолол орох шаардлагагүй болно. Мишээл рүү бүр 10 минут алхаад л орох бүрэн боломжтой болж байгаа юм. Ийнхүү бид хийсэн бүтээн байгуулалт бүрээ улам тордон ажилласаар байгаа. Энэ бол зөвхөн миний биш, Монголын барилгын компанийн захирал бүрийн дотроо баримталдаг зарчим гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.

-Нэгэнт танай “Хийморь” хотхоны тухай ярьсных Чандманийн ам гэж Хийморийн овоотой ам болохоор Та хотхондоо “Хийморь” гэж нэр өгсөн үү? 

-Богд хан уулын урд өвөрт Манзушир хутагтын хийд байдгийг манайхан бүгд мэдэх байх. Түүхэндээ бол Манзушир хутагт, хийдийнхээ хойд өндөрлөгт байрлах овоог “Ламтны овоо” хэмээн тахин шүтдэг байсан юм билээ. Хожим 1993 онд Богдхан уулыг дархалсны 215 жилийн ойгоор Ламтны овоог Чандманийн овоотой хамт нэгэн зэрэг тахин сэргээсэн түүхтэй. Түүнээс хойш монголчууд эндхийг “Хийморийн овоо” гэж нэрлэж заншсан юм. “Хийморь” гэдэг үг өөрөө их гүнзгий утга учиртай. Нэг талаасаа эр хүний энерги, эрүүл мэнд, хүч чадал, амжилтыг бэлгэдсэн утгатай. Нөгөөтэйгүүр манай энэ аманд Монголын алдарт хутагт хувилгаад цуглаж ном хурдаг байсан үе цөөнгүй юм гэнэ лээ. Мөн бид хотхоныхоо шав тавих ёслолд “Гандантэгчэнлин” хийдийн хамба лам Д.Чойжамцыг урьж, энэ их хүнээр шаваа тавиулж байсан түүхтэй. Эдгээрийг бодолцон бид хотхоноо “Хийморь” хэмээн нэрлэсэн юм. Удахгүй манай зүүн талын уулан дээр 25 метр Ловон бурханыг бүтээж аравнайлан, аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөгдсөн байна. Энэ бүхэн манай хотхон, бидний амьдарч буй амны утга учрыг бүрэн илэрхийлэх байх. 

-Энэ сайхан түүхүүд, “Хийморь” нэрний утга учрыг сонсоод уншигчид “Хийморь” хотхонд зарах байр байгаа юу гэж асуух нь тодорхой. Танай хотхонд борлуулах байр, хаус үлдсэн болов уу? 

-“Хийморь” хотхоны орон сууцнаас одоо борлуулагдаагүй үлдсэн хоёрхон хаус л бий. Төвийн шугам татагдах болсноос хойш хүмүүс их асууж, сураглаж байна. Манай хотхон хотын төвд ойр, байгальд ч бас ойрхон. Хотхоноосоо гараад л уул, ой мод нь яг дэргэдээ. Оршин суугчид зуслангийн байр гэж явах шаардлагагүй. Бас хотын төвөөс хол биш учраас хүүхдүүдэд, аав ээж, ах дүүст маань амар байна гэдэг. Мөн манай хотхон 35 айлтай учраас цөөхүүлээ, нам жимхэн байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:Өнөөдөр сонин

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.