А.Гордеев: Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

 

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” нь хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой гэрээ гэж мэдэгджээ. 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай уулзав.

Н.Энхтайван сайд монголын тал энэ өдөр хүчин төгөлдөр болсон “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний үндсэн дээр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын парламент зэрэг бүхий л байгууллагатай цаашид ч идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлжээ.

А.В.Гордеев хоёр талын худалдаа, эдийн засаг,  зам тээвэр зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа болон Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд парламент дахь найрамдлын бүлгүүд болон засгийн газрын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон шинэ механизм байгуулж ажиллах санал дэвшүүлсэн гэдгийг Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

 

  1   Tweet

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.