МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЗҮГ ЗААГЧ Б.ДОРЖИЙНХ

Ургац хураалтын ид үе эхэлж байна. Энэ цаг үед бид Монгол Улсын гавьяат агрономич, доктор, профессор Б.Дорж гуайнд зочиллоо. Түүнийг Монголын газар тариалангийн салбарын нэвтэрхий толь хэмээн нэрлэж болно. Тэрбээр өдийд газар тариалангийн бүс нутгуудаар "хэсч" явдаг аж. Харин энэ жил бие жаахан чилээрхсэн тул оройтож явахаар болжээ. Биднийг очиход Б.Дорж гуай зочинтой байв. Ургац хураалт эхэлж байгаа тул зөвлөгөө авах гэсэн хүмүүсийн цуваа үл тасарна. Нэмээд утас нь хангинана. Өдгөө 81 насыг зооглож байгаа гэхэд өдрийн энэ их ачааллыг хэрхэн даадаг юм бол гэсэн бодол төрөв. Эрхэм агрономичийн өрөөний нэг хана битүү ном өрөөстэй юм. Шалнаас тааз, баруунаас зүүн хүртэл ном чигжин өрж, хоймор хэсэгт ширээ тавьж түүн дээр бас л ном тавьжээ. Мөн эргэн тойрон бичиг цаас, хуучны арьсан цүнхнүүд үзэгдэнэ. Б.Дорж гуай байнга зочин гийчинтэй байдаг тул өрөөнд нь албаны ширээ байрлуулж, ирсэн зочдыг тухлуулах буйданг тавьжээ. Сэтгүүлч ирсэн тул зочин Б.Дорж гуайтай яриагаа түргэсгэж, зөвлөгөөгөө аваад “Арвин ургац аваарай” гэсэн ерөөлийг нь хүртээд гарч одов.

Түүний газар тариалангийн салбартай холбогдсон, сурч мэдсэн, хийж бүтээсэн болгоныг энд дурсвал сонины хэдэн зуун нүүр дамнах аж. Ганц асуулт тавихад л уг суурь, үүх түүх, учир шалтгааныг тодотгон хариулахад 20-30 минут болно. Иймээс өвгөн багшийн далай мэт амьдралын түүхээс өчүүхэн хэсгийг түүвэрлэн хүргэхийг хичээлээ. Эрхэм хүмүүний газар тариалангийн салбартай холбогдсон учрал их сонин аж. Ангийн багш (биологийн багш) Н.Төмөрбат гэж хүн байжээ. Тэд биологийн кабинетад хоёр туулай, нэг үнэг, усан гахай зэргийг тэжээнэ. Хоёр туулайдаа талх нухаж өгдөг байж. Гэтэл нөгөө хоёрын үс нь бүрзийгээд өвчлөөд эхэлж байгаа нь мэдэгдэж гэнэ. Багшдаа хэлэхэд “Мал эмнэлэг дээр аваачиж үзүүл” гэжээ. Мал эмнэлгийн эмч үзээд “Хоол нь таарахгүй байна. Шинэ ногоогоор тэжээ” хэмээсэн байна. Тухайн үед гуравдугаар сарын эхэн байсан аж. Тэгээд ч Говь-Алтайгаас ямар шинэ ногоо олох билээ. Ингээд 2-3 хоножээ. Нэг өдөр гадуур явж байтал айлын гаднаас машин хөдөлж, донсолгоон дунд тэвшний завсраас шар зүйл цуван унажээ. Үзсэн чинь тариа байна. Нөгөөхийг нь дээлийнхээ хормойг тосч байгаад түүж овоо юм болгоод сургуульдаа ирсэн аж. Тухайн үед зүгээр л түүж авсан ч ангидаа ирээд туулайг шинэ ногоогоор тэжээ гэснийг санасан байна. Иймд хуучин хоёр сав олж хөрс хийгээд үрээ суулгаад явжээ.

Амралтын өдөр өнгөрч, даваа гаригийн өглөө ангидаа иртэл тариа соёолж цухуйсан байсныг усалж, хэд хоногийн дараагаар ногоон сайхан түрүү ургаж эхэлсэн аж. Ингээд нөгөө хоёр туулайгаа тавьтал дуртай нь аргагүй идэж, удалгүй цовоо цойлгон болоод эхэлсэн байна. Нэг өдөр ангийн багш нь Лодонгийн Түдэв гуайтай хамт ороод ирсэн аж. Тэр хоёр нэг анги байж л дээ. Тэгээд болсон явдлыг сонсоод Л.Түдэв гуай “Дорж сайн агрономич болох юм байна даа” хэмээн хэлсэн гэдэг. Энэ бол 1959 оны үе юм. Тухайн үед улсын хэмжээнд дөрвөн сургууль байсан аж. МУИС, Багшийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Намын сургууль гэж байж. Намын сургуульд 10-н жилээ төгссөн хүүхдүүдийг авахгүй. Ингээд үлдсэн гурван сургуулиас сонголт хийдэг байжээ. Эхлээд МУИС-иас багш ирж Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн зэрэг багш эрдэмтэд хичээл заадаг тухай танилцуулж, манай сургуульд хэн орох хүсэлтэй байна хэмээн хэлэхэд Дорж гараа өргөсөн аж. Харин ангийн багш нь суу хэмээн ширэв татаад суулгасан гэдэг. Үүний дараагаар Багшийн их сургуулиас хүн ирж мөн л сургуулиа танилцуулаад хэн элсэн орох хүсэлтэй байгааг асуужээ. Гоё сайхан олон зүйл ярьсан тул гараа өргөчихмөөр байсан ч багшийнхаа царайг хараад больсон гэдэг. Сүүлд нь Хөдөө аж ахуйн их сургуулиас Пүрэвжав хэмээх багш ирж сургуулиа танилцуулаад элсэн орох хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэхэд ангийн багш нь хамгийн түрүүн босч “Би Б.Доржийг бүртгүүлмээр байна” хэмээсэн аж. Ингэж тэрбээр газар тариалангийн салбартай холбогдсон анхны “шангаа татсан” байна.

Анх 1955 онд их сургуульд агрономийн анги байгуулагджээ. Б.Дорж гуай 1964 онд сургуулиа төгсөж, яамны томилгоотойгоор Зүүнхараагийн сангийн аж ахуйд ажлынхаа гарааг эхэлсэн аж. Улмаар тэрбээр Ургамал, газар тариалангийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж, 1971 онд Казахстаны Алмата хотод суралцаж, мөн Монгол орны хойд хэсэгт зусах буудай тариалах чиглэлээр 1974 онд эрдмийн зэрэг хамгаалсан аж.

Бид газар тариалангийн их бүтээн байгуулалт, хамт олны найрсаг уур амьсгал, тариан талбай дээрх залуусын үерхэл нөхөрлөлийг социализмын үеийн хуучны кинонуудаас хардаг. Үнэхээр ч тухайн үед тариан талбай дээр амьдрал буцалж, хаврын тариалалт, намрын ургац хураалтын үеэр мартагдашгүй дурсамжит өдрүүдийг өнгөөрөөжээ. Түүний бага залуу үеийн хөгжилтэй дурсамжуудаас хуваалцъя. Ангийнхан нь нэгдүгээр курст орсны дараа “Зил164” машины тэвшин дээр хөнжил, пүүгээтэй нь суулгаад Борнуурын сангийн аж ахуй руу авч одсон байна. Энэ бол атар газар эзэмшиж эхэлсэн анхны жил аж. Тухайн үед атрын шинэ дөрвөн сангийн аж ахуй байгуулсан байж. Залуус үтрэмийн газрыг хүрзээр харуулдан чулуу модыг зайлуулан бэлтгэх ажилд дайчлагджээ. Тэрбээр тарианы цэвэрлэгээн дээр хэсэг ажиллаж байв. Сүүлдээ трактор барьж чаддаг тул уг ажилд туслахаар очсон аж. Анх жолооч гарын үзүүртээ зарж байгаад сүүлдээ трактораа бариулчихаад холоос хараад бухал дээр хэвтэж байдаг болсон гэдэг. Ингэж явсаар нэг өдөр жолооч ах эмнэлэг явахаар болж, трактор хариуцаж хөдөлгөх үүрэг бүхэлдээ ногдож үлдсэн байна. Эхэндээ сонирхолтой байсан ч тухайн үеийн тракторыг хүйтэн өглөө асаах, цаашлаад засч сэлбэнэ гэдэг амаргүй байв. Нэг мэдэхэд энэ ажлаас болж тосонд битүү булхах болж, орой майхандаа очиход нөхөд нь “муухай үнэртэй байна, тусдаа унт” гэх зэргээр “гадуурхах” болсон тул залхаж эхэлжээ. Нэг удаа трактораа асаах гэж газрын уруу өнхрүүлж байгаад майхан дайрчих шахсан гэдэг. Удалгүй эмнэлэг явсан жолооч ч ирж, буцаад үтрэм рүүгээ явсан аж. Тухайн үед бөөнөөрөө майханд байрлана. Майхны баганаас төмөр утас ороогоод лааны суурь хийж гэрэл гаргадаг байж. Орой бүгд орондоо орсон хойно лаа унтраах хүн олддоггүй байжээ. Дулаан хөнжлөөсөө хэн босч лаа унтраахыг хүсэхэв. Ингээд ээлж гаргаж лаа унтраах болсон байна. Тухайн үед нэг хэсэг түүхий талх өгдөг байжээ. Үүнээс болж оюутнуудын гэдэс дүүрч унгаад, багагүй хэл ам ч гаргадаг байсан аж. Нэг орой Баянхонгор аймгаас ирсэн Ням гэж хүүгийн лаа унтраах ээлж болсон байна. Нөгөөхийг чинь “Лаа унтраах ээлж шүү, босоорой” гэтэл сахилгагүй моньд “Би үлээж унтраахгүй, унгаж унтаарна” хэмээжээ. Энэ үед хөнжлөөсөө сугарах дургүй нөхөд чинь тэрийг харах гээд бүгд босч дээр өлгөөтэй байсан лааны суурийг доошлуулж, өгзөгнийх нь хавьцаа дөхүүлэх гэж бөөн “ажил” болсон байна. За ингээд тохиромжтой хэмжээг авч, бүгд ч тойрч зогсоод “за унга” гэхэд нөгөө нөхөр ч унгахад хөх дөл очоод өгзгийг нь “алгадчихсан” аж. Нөгөө нөхөр ч орилж, ангийнхан нь чадал тэнхээгээ барагдтал инээсэн гэдэг. Сүүлдээ инээд нь ханиад болж нөгөө нөхөр орилоод унтуулдаггүй. Тэгэхээр нь тогооч хийдэг хоёр охиноос түүхий гурил авч зуураад өгзгөн дээр нь тавихад арай гайгүй болжээ. Гэвч гурил нь хатахаар дахиад л орилно. Дахиад л түүхий гурил зуурч тавина. Энэ мэтээр үүр цайлгаж, эмч дуудаж үзүүлсэн байна. Залуухан эмч бүсгүй ирж юу болсон хэмээн тонгойлгон үзэхэд ангийнхан нь ар тал нь эхний эгнээ сууж дараагийн эгнээ хагас босч, сүүлийнх нь босоогоороо зогсоод үзэж байсан гэдэг. Юунаас болсон юм гэхэд бүгд “савж унаад” хариулт хэлэх хүн олдоогүй аж. Нэг нь арай гэж инээдээ дараад учрыг хэлэхэд эмч бүсгүй элгээ тэврээд өнхрөөд унасан гэдэг. Сахилгагүй моньд долоо хоног эмнэлэгт хэвтэж, данлаа шингэн хоол, шөл уусаар эдгэрчээ. Б.Дорж гуай их сургуульд хичээл заах үед хүүхдүүд шуугилдахад “Яриад байгаа нөхөр гар” хэмээн зандарсныхаа дараа “Бид ч бага залуудаа эд нараас дутахгүй хөглөж, хөгжилдөж явсан” гэж бодоод зөөлөрдөг байсан аж.

Тэрбээр 1989 онд ОХУ-ын Омскт эрдмийн зэрэг хамгаалахаар очсон аж. Улмаар эрдмийн зэргийн ажлаа бичиж байх үед 1990 онд Монголд ардчилсан хувьсгал өрнөж, тэрбээр нутаг руугаа буцахыг хүссэн ч Оросын эрдмийн зөвлөлийн багш нар, Монголын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд ч тэр “Нэг мөр эрдмийн зэргээ хамгаалаад яв” хэмээн ятгаж байсан гэдэг. Тэрбээр ч эрдмийн зэргээ 100 хувийн саналаар хамгаалж, нутагтаа ирсний маргааш анд нөхөр, Ерөнхий сайд Ш.Гунгаадорж дуудан уулзаж баяр хүргээд юу хийх гэж байгааг нь асуужээ. Тэрбээр хүрээлэндээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэхэд загнаж, “Чи насаараа эрдэм шинжилгээний ажил хийж үйлдвэрлэлээс зугтааж биеэ оторлох уу. Толгойд мэдсэн зүйлээ улсад өг” хэмээн Хөдөө, аж ахуйн их сургууль руу явуулсан байна.

Монголын газар тариалангийн салбар Б.Дорж гуайн зөвлөмжийг гол сууриа болгож 60 шахам жил явж ирсэн аж. Тодруулбал, хаврын тариалалтын өмнө Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс дулааны улирлын төлөв байдлыг гаргадаг. Үүнд 5-9 хүртэлх цаг агаарын төлөв байдал багтдаг. Тэгвэл үүнийг гарч ирсний дараа Б.Дорж гуай хаврын тариалалтын зөвлөмж бичнэ. Цаг агаарын төлөвийг харж байгаад тухайн бүс нутагт тийм хавар, зун, намар болох шинжтэй байна. Тиймээс үүнд нийцүүлж хэдийд тариа тарих, ямар бодлого барих зэрэг бүх л мэдээллийг багтаасан зөвлөмж гаргадаг аж. Үүнийг Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн төлөвтэйгөө хамтатган гаргаж тариалангийн бүс нутгуудаар электрон болон боршур хэлбэрээр тарааж хэвшжээ. Энэ заасан шаардлагыг хангаж, энэ зөвлөмжийн дагуу л тарих ёстой аж. Тэрбээр энэ зөвлөмжийг 1970-аад оноос хойш бичиж байгаа. 1990 оны зах зээлийн хүнд хүчир шилжилтийн үед 7-8 жил тасарчээ. Одоо тэрбээр Ургамал, газар тариалангийн хүрээлэн рүү явуулж эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлээд нийтэд тараадаг байна.

Энэ жилийн хувьд хавар хөрс чийгтэй байсан нь сайхан нөхцөл бүрдүүлсэн хэмээн Б.Дорж гуай хэлсэн. Тийм учраас гуурстай талбайдаа ахиухан тариа тарья гэж зөвлөсний дагуу энэ жил яам талбайгаа нэмжээ. Үүний дагуу энэ жил 513300 тонн үр тариа хурааж авахаар байгаа аж. Үүний дотор 487 мянган тонн буудай байна. Энэ бол дотоодын хэрэгцээг хангалттай хангана гэв. Төмсний хувьд 237 мянган тонныг авна. Бас л хангалттай. Харин хүнсний ногоо 117 мянган тонныг авах аж. Энэ нь дотоодын хэрэгцээг хангахгүй. Талбай багадсан гэдгийг хэлэв. Хүнсний ногоо, жимс асар их ажиллагаатай аж. Заавал усалгаа шаардана. Талбай дээрээ зуны турш зогсож байж ургац авдаг хүч шаарддаг ажил аж. Иймээс хүн үүнээс халширч талбайгаа нэмж чадахгүй байгааг хэлсэн. Хэрэв улс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангана гэвэл хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, механикжуулах, ажлын бүтээмжийг сайжруулсан шинэ багаж, тоног төхөөрөмж зохион бүтээх, нэвтрүүлэх шаардлагатайг анхааруулав.

Түүний гэргий Т.Балжид зоотехникч мэргэжилтэй. Өдий насанд хамтдаа жарган сууна. Тэд Зүүнхараагийн сангийн аж ахуйд танилцаж, хамт ажиллаж байжээ. Хөдөлмөрийн баатар гурван гахайчин төрснөөс хоёрт нь манай хөгшний оролцоо өндөр байсан гэдгийг тэрбээр онцолсон юм. Мөн тухайн үед зоотехникчийн ажил маш хүнд хүчир байсан тул тэр болгоныг миний хөгшин даван туулж, хичээн зүтгэж ирснийг дурсав. Б.Дорж гуай тэтгэвэр тогтоолгох үеэр хөгшнийг нь хүнд нөхцөлд ажилласнаар тооцоогүй, өөрийнх нь ажилласан жилийг хоёр жилээр хасч тооцсонд багахан гомдолтой явдаг юм билээ. Тэд зургаан хүүхэдтэй. Дөрвөн хүү, хоёр охинтой. Том хүү Нэргүй нь Дарханы Хонгорт тариа тарьдаг аж. Дараагийн хүү Зоригт эрчим хүчний байгууллагад олон жил ажиллажээ. Охин Баярмаа нь Анагаахын дээд сургуулийн багш аж. Байгальмаа охин нь математикийн багш. Одоо япончуудтай хамтарсан бизнес эрхэлдэг аж. Жаргалсайхан нь ахтайгаа тариа тарьдаг. Бага нь инженер мэргэжилтэй гэв. “Үр хүүхдийн ач зээ нийлээд тоогоо алдсан. Хөгшин л сайн мэднэ дээ” хэмээн Б.Дорж гуай ярив. Охин Баярмаагийн нөхөр, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан аавынхаа талаар “Аав маань одоо англи хэл үздэг. Энэ бол байнга суралцаж, мэдлэгээ олон түмэнд түгээх чинь хүслийнх нь нэг нотолгоо гэж боддог. Би энэ айлын хүргэн. Гэхдээ төрсөн аав шигээ санадаг. Аав маань газар тариалангийн ажилдаа үнэнхүү дуртай. Өдий 80 гарсан ч сургууль дээр байнга очно. Хамт олон нь ч эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд аавын үүргийг ихээхэн чухалчилж, харилцаатай байдаг. Аав спортод дуртай. Волейбол 60 гартлаа тоглосон. Үндэсний бөхөд дуртай хүн. ОХУ-д суралцаж докторын зэрэг хамгаалсан шүү дээ. Тухайн үед багш нар нь эх орны дайнд оролцож байсан, мөн ОХУ-ын төрийн шагналт хүмүүс байсан. Энэ мэтээр олон оронд найз нөхөдтэй. Тэдэнтэйгээ байнга холбоотой байна. Газар тариалангийн ихэнх компани аавыг зөвлөхөөр ажиллуулж, байнга дэм тусыг нь авдаг. Монголын газар шороог дэндүү сайн мэддэг хүн. Хөрс авчираад үзүүлэхэд тийм газрын хөрс байна гэж шууд хэлнэ. Аргагүй олон жил явж, хөрс шороог нь таньж мэдсэн хүн юм. Үр хүүхэд бид нь аавыгаа төрийн шагнал хүртэх болов уу гэж бодож явдаг” хэмээсэн юм.

Эх сурвалж: Г.БАТЗОРИГ ӨДРИЙН СОНИН

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Дугарын Балдангийн Гантулга(лам) (127.0.0.1)
    Нутгийн өвгөн ахдаа эрүүл энх байж урт наслахыг ерөөе.мөн гэр бүл үр хүүхдүүдэд нь сайн бүхнийг хүсэн ерөөе.
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • З.Нармандах (127.0.0.1)
    Хийсэн ажил хэлэх үгтэй ийм хүнд төрийн соёрхол хүртээх нь зөв. Ухаантай хүний үг цөөддөггүй. Би анх мэргэжил сонгох гэж байхдаа ийм ийм сургууль байна гэхэд тодорхой ШУ дээр суурьласан мэргэжил ямарч үед хоцрогдохгүй гэж Б.Дорж гуай хэлснээр сонгож билээ...
    2020 оны 09 сарын 18 | Хариулах