Т.Ням-Очир: Уралдаан тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй

Ирэх Даваа гарагаас Монгол Улсын хэмжээнд бүх ЕБС-иуд энгийн горимоор хичээллэх  талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "2020 оны долоодугаар сарын 23-нд Шадар сайдын 42 тоот тушаалаар 2020-2021 хичээлийн жилийг эхлүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан байдаг.

Ажлын хэсэг дэлхийн улс орнуудын туршлага, өөрийн орны онцлогийг судалж, долоодугаар сарын 28-ны өдрийн УОК-ийн хуралд санал танилцуулсан юм. Энэ санал нь 2020-2021 оны хичээлийн жилийг өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн заавар зөвлөмжид нийцүүлэн тусгай зохицуулалтаар танхимын болон танхимын бус хэлбэрээр үе шаттайгаар эхлүүлэх санал байсан.

УОК-ын шийдвэрийг долоодугаар сарын 29-ний өдөр Засгийн газар баталгаажуулж, холбогдох ажлын хэсэг шаардагдах дүрэм журмыг боловсруулан наймдугаар сарын 15-ны өдөр орон нутагт сургалт зохион байгуулж энэ оны хичээлийн жил амжилттай эхэлснийг та бүхэн мэдэж байгаа.

Энэ хугацаанд Засгийн газар наймдугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тэмдэглэлээрээ хичээлийн жил эхлэхэд энэ зохицуулалт хэр үр дүнтэй болон цаашдаа хэвийн горимд ямар хугацаанд шилжүүлэх судалгаа хийх үүргийг БШУ-ны сайдад өгсөн.

Теле хичээлийг түр хугацаанд зогсооно

Энэ дагуу судалгаа хийж УОК-ын хуралд танилцуулан Засгийн газар есдүгээр сарын 15-ны өдөр ээлжит бусаар хуралдаж есдүгээр сарын 21-нээс хичээл, сургалтыг хэвийн горимд оруулах шийдвэрийг гаргасан. Ингэснээр ирэх Даваа гарагаас сурагчид хэвийн горимоороо хичээллэнэ.

Үүнтэй холбогдуулан теле хичээлийг түр хугацаанд зогсоож байгаа. Харин авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулахаар болсон.

Хичээл сургалт хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан тухайн сургууль өөрийн менежментийн хүрээнд үүсгэсэн анги, бүлгийн зохион байгуулалтаар  батлагдсан сургалтын төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлнэ.

9 дүгээр сарын нэгнээс 10 дугаар сарын 1-нд бататгах хичээл зохион байгуулахаар төлөвлөж, арга зүй, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн. Бататгах хичээл 10 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.  

Хоцрогдолтой хүүхдүүдээ аль болох хурдан хэвийн хэмжээнд аваачих, өмнөх агуулгаа богино хугацаанд бататгах менежментийг хийх талаас нь сургууль, багш нар эцэг, эх, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллана.

Өнгөрсөн хугацаанд зайны сургалт удаан хугацаагаар явагдсантайгаар холбогдуулан уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй байхыг зөвлөж байгаа. Энэ нь хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн хугацаанд хурдан шилжүүлэхтэй холбоотой. Хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг зөвлөж байгаа.

Сургууль, цэцэрлэг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх журам хэвээрээ байна

Түр журамд байсан зарим заалтыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм. Үүнд эцэг эх, олон нийтийн оролцоо чухал.

Түр журмаар хичээллэж байх үед сургуулийн орчинд гар ариутгах, зай барих, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулж байсан боловч сургуулиас гараад гэр бүлд нь энэ дадал хэвшил байхгүйгээс болоод сургуулийн орчинд төлөвшүүлэх гэж хичээж оролдож байгаа энэ дадал хэвшил төдийлөн сайн байгаагүй. Тиймээс эцэг эхчүүд анхаарал тавьж оролцох нь чухал гэдгийг дахин хэлье.

Хүүхдийн хичээлийн хэрэглэлийг сайн бэлдэж өгч, хүүхэд хоорондоо солихгүй байхад онцгой сайн анхаарахыг зөвлөж байна.

Ирэх Даваа гарагаас Монгол Улсын хэмжээнд бүх ЕБС-иуд энгийн горимоор хичээллэнэ" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж:Ikon.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.