Д.Сарангэрэл: Хэнтий аймагт Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолбор барина

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл:

"ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын урьдчилсан мэдээллээр 2021 оны хавраас коронавирустэй холбоотой асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэхээр байна. Тийм учраас бид бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй. Олон Улсын IT-гийн тэргүүлэх байгууллагын судалгаагаар дэлхийн аялал жуулчлал сэргэх төлөвтэй байгааг онцолсон. Жуулчдын хайлт ихээр нэмэгдэж байна. Манай улсыг сонирхож байгаа хайлт ч нэмэгдсэн. Дээр нь манай улс хүн амын дунд халдвар алдаагүй байгаа томоохон давуу тал байгаа юм билээ.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээндээ 16 мянган хүний нөөцөө 10 төрлийн мэргэжлээр бэлтгэх зорилт тавьж, үндэсний хэмжээнд 21 аймагт сургалтаа эхлүүллээ

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын өгч байгаа мэдээллээр жуулчдын сэтгэл зүйн хандлагад судалгаа хийхэд аль болох халдварын голомт  гараагүй орнуудад түлхүү аялах хандлага ажиглагдаж байгаа гэсэн. Монгол Улс өнөөдрийн нөхцөл байдлаа хадгалж чадвал 2021 оноос аялал жуулчлал хөгжих боломжтой гэж үзэж байна. 

Монгол Улсын Засгийн газар анх удаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  аялал жуулчлалын салбараа эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор зарласан. Тийм учраас Монголын төр аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжихээр болсон. Аялал жуулчлалын нийгэмлэг, холбоодтой хамтарч ажиллах зорилго тавьсан.

Энэ хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээндээ 16 мянган хүний нөөцөө 10 төрлийн мэргэжлээр бэлтгэе гэсэн зорилт тавьсан. Тухайлбал, бариста, бартендер, тогооч, угтах үйлчилгээний хүмүүсээ бэлтгэсэн байя гэсэн. Зөвхөн онолын бус практик сургалтад хамруулах юм.  Жишээ нь, кофег хэрхэн яаж амттай зөв бэлдэх вэ гэдэг сургалтыг зөвхөн Улаанбаатарт биш үндэсний хэмжээнд 21 аймагт зэрэг эхэлж байгаа. Яагаад гэвэл манай улс аялал жуулчлалын үйлчилгээний чиглэлээр хангалтгүй үнэлэгдээд байна. Тийм учраас зочлох үйлчилгээний сургалтаа чанартай зохион байгуулахаар зорьж байна. Тухайлбал, хил гаалийнхан маань зөв угтаж сурахаас эхлэх хэрэгтэй юм. 

Хөвсгөл аймгаа байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгаа түүхэн аялал жуулчлалын бүс болгох зорилт тавьсан.

Ингэснээр эдийн засагтаа тодорхой нөлөө үзүүлэх, нутгийн ард иргэддээ орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангах, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж харж байна.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг бүсчлэн хөгжлүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Хөвсгөл аймгаа байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгаа түүхэн аялал жуулчлалын бүс болгох зорилт тавьсан. Хэнтий аймагт томоохон зургаан том бүтээн байгуулалт хийнэ. Үүний нэг нь Бор-Өндөрт далд уурхайн музей байгуулна. Эзэн Чингис хааныхаа түүхэнд соёлын өвд суурилсан томоохон таван бүтээн байгуулалт хийнэ.

Тухайлбал,

  • Дадал суманд Их эзэн Чингис хаан цогцолбор,
  • Биндэр суманд Монголын эзэнт гүрэн их хуралдай,
  • Шихихутаг,
  • Монголын нууц товчоо гэсэн таван сайхан цогцолборыг байгуулна. 

Та бид Эзэн Чингисийн өлгий нутаг Монгол Улс гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл бид хоосон тал заагаад энэ бол Эзэн Чингисийн унасан газар байгаа юм гэж хэлдэг. Тэгвэл бид бодитоор түүхэнд суурилсан бүтээн байгуулалт хийснээрээ аялал жуулчлалынхаа салбараа дэмжих боломж бүрдэх юм. Төрийн дэмжлэгээр энэ байгууллагуудыг бий болгоод өгөхөөр дагаад манай зочид буудлын цогц үйлчилгээ бий болох нөхцөл бүрдэх юм. 

2024 он гэхэд таван том байгууламжаа барьж дуусна. Эхнээсээ 2020-2021 оноос ашиглалтад орж эхэлнэ. АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шийднэ. Нийт өртөг нь 38 сая доллар.  Үүний 50 хувь нь Хэнтий аймагт барих цогцолборуудад хөрөнгө оруулна." гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.