Дүүргийн нэгдсэн болон төрөлжсөн эмнэлэгт үзүүлэх цагаа “1800-0119” дугаараас авах боломжтой боллоо

“1800-0119” эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвийг есдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэллээ. Уг төв нь иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд заавал эмнэлэгт очиж дугаарладаг байдлыг халах зорилготой.

Иргэд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна.


Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 7200 гаруй дуудлага хүлээн аваад байна.

Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.

“1800-0119” төвд эхний ээлжинд төрөлжсөн есөн эмнэлэг есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогдоод байна. Ирэх сардаа багтааж гэхэд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.