Ж.Батбаясгалан: Дарга нарыг хандивын нэг ч төгрөгөөр урамшуулаагүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр (2020.09.17) сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өглөө. Тэрбээр "2020 онд цар тахалтай холбогдуулан эдийн засгийн хүндрэл ганц Монголд бус дэлхий даяар үүсч байна. 2017 онд нийслэлийн хамгийн том асуудал агаарын бохирдол байсан. Бид үүнийг иргэдтэйгээ давж гарч чадсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад нийслэлийн эдийн засгийг сэргээх, эрх зүйн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн хууль байгаагаас зарим нь ажлын хэсэг дээр, зарим нь УИХ-аар хэлэлцэгдэж байна.

Улаанбаатар хот өмнөө тулгамдсан асуудлаа анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар шийдвэрлэж эхэлж байна. Жишээлбэл, орон сууцны бодлого. Банкны шалгуур давах иргэн цөөхөн байна. Тийм учраас орлогод нийцсэн орон сууц буюу түрээс, түрээслээд өмчлөх орон сууцны бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Агаарын бохирдлоо 50 хувиар бцуруулсан бол түгжрэлийг шийдэх боломж мөн байна. Нийтийн тээврээ хөгжүүлж машинаа багасгах бодол байна. Өнгөрсөн жил 100 хувь цахилгаан автобус нэвтрүүллээ. Энэ жил багтаамжийг нь ихэсгэж, хоёр давхар автобус нэвтрүүлж байна. Олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх нь чухал. Нийт хүн амын 50 хувь, 600 мянга гаруй автомашин нэг дороо төвлөрчихсөн. Хүн ам, автомашин шигээ эдийн засаг нь хөгжсөнгүй. Ирэх жилээс Засгийн газар, Сангийн яам бидний төлөвлөрүүлж буй хөрөнгөөс мөнгө татахгүй. Хотод орж байгаа мөнгө хотдоо зарцуулагдана.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Засаг даргын нөөц хөрөнгө дууссан гэсэн. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Нөөц хөрөнгө дууссан шалтгаан бол бид есөн сарын хугацаанд халдвар хамгааллын дэглэм болон агаарын бохирдолтой тэмцлээ. Энэ бүх асуудалд бүрэн зарцуулсан гэсэн үг. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн энэ жилийн төсөв хэрэгждэг.

-Улсын онцгой комисст цугларсан хандивын мөнгөнөөс дарга нарыг урамшуулсан гэдэг үнэн үү?

-Хандивын мөнгөнөөс нэг ч төгрөг гараагүй. Энэ нь цалингийн фонд, төсвийн мөнгөнөөс гарсан. Илүү цагаар ажилласан хүмүүс нэг саяас илүү төгрөг авах ёстой. Төрийн албан хаагчдыг харлуулаад хэрэггүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.