Иргэдийн хандивын мөнгөөр нэр бүхий 21 албан тушаалтныг шагнаагүй"

Энэ оны эхээр Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргасан талаарх баримт дэлгэгдээд байна. Тодруулбал, тэднийг өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүрэгт бүтэн өдрийн хөл хориог амжилттай зохион байгуулсан, илүү цагаар ажилласан гэж үзэн тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Ингэхдээ тэрхүү 21 сая төгрөгийг Улсын Онцгой комиссын данснаас гаргахыг даалгасан гэх мэдээлэл бий. 

АУДИТИЙН ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ  БАЙНА

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажилласан албан хаагчдаа урамшуулах шийдвэр гарсан. Шагнал урамшууллыг иргэдээс цугласан хандивын мөнгөнөөс гаргаагүй. Аудитийн шалгалт хийгдэж  байна. Шагнал, урамшуулалын мөнгө цалингийн төсөвт багтдаг" гэлээ.

ХОТЫН ТӨСВИЙН ХЭМНЭСЭН ЗАРДЛААС ТОДОРХОЙ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАРГАЖ ШАГНАЖ УРАМШУУЛСАН

Харин  УИХ-ын гишүүн С.Амарсайхан “ Улаанбаатар хотын утааг бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан 2019 оны  аравдугаар сарын 1-ээс эхлээд 2020 оны  гуравдугаар сарын 1 хүртэлх  зургаан сарын хугацаатай давхцаад Covid19 цар тахлын халдвараас урьдчилсан сэргийлэх нөр их ажлын ард нийслэлийн харьяа байгууллагын олон зуун ажилтан албан хаагчид гарсан. Нийслэлийг тогтоон барина гэдэг нь Монгол Улсыг халдвараас хамгаалж байгаа хэрэг юм.  Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Үүнийг нийслэлчүүдийнхээ өмнө би нүүр бардам хэлнэ. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан”  гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг. 

Эх сурвалж:News.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.