Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээний газруудыг есдүгээр сарын 16-аас хэвийн горимд ажиллуулахаар боллоо

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг Засгийн газрын өнөөдрийн/2020.09.14/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

  • Дэлхий нийтэд Ковид 19 цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн  өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны аравдугаар сарын 31-нийг дуустал буюу 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. /Агаарын болон, автотээврийн төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг/
  • Монгол Улс дотооддоо Ковид 19 халдварыг алдаагүй, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалт, хяналт өндөр байгааг үндэслэн ААН-үүд, урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэлийн үйлчилгээний байгууллагууд, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимоор явуулахаар боллоо.
  • Есдүгээр сарын 16-наас эхлэн урлаг, спортын болон олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн байгууллагуудын цагийн хязгаарлалтад орсон байсныг хэвийн горимоор ажиллуулах шийдвэр гаргалаа. Тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс хуралдаж, ямар журмаар явуулахыг шийднэ.
  • Есдүгээр сарын 21-нээс эхлэн бүх шатны боловсролын байгууллагууд, ЕБС болон их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн горимдоо орно. Их, дээд сургуулийг 2020 оны аравдугаар сарын 4-нөөс эхлүүлнэ гэж тооцоолж байсныг урагш нь татлаа.
  • Хилээ нээхгүй.
  • Чартер нислэгүүдээр иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар 12,000 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 5,000 нь БНСУ-д байна.
  • Гэхдээ есдүгээр сарын чартер нислэгүүд дүүрэхгүй байх нь ажиглагдаж байна. Энэ сард ирэх хүсэлтээ өгсөн иргэд 10, 11 сарын нислэгт орох хүсэлт өгч саармагжиж байна.
  • Хил нээгээгүй, ард иргэд сонор сэрэмжтэй байгаагийн үр дүнд дотооддоо халдвар алдаагүй тул бүх байгууллага болон ААН-үүдийн үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байна.
  • Гэртээ тусгаарлагддаг 14 хоногийг цуцаллаа. Ингэснээр 21 хоногийн тусгаарлалт үргэлжилнэ.
  • Тусгаарлалтын байранд байх 21 хоногийг багасгахгүй.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.