Анагаах ухааны доктор Б.Болормаа: "Нойр булчирхайн эмгэгээр ямар ч насны хүн өвчилж болно"

"Нойр булчирхайн эмгэгээр ямар ч насны хүн өвчилж болно"

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Гастроэнтерологийн төвийн эмч, анагаах ухааны доктор Б.Болормаатай ярилцлаа.

-Монголчууд нойр булчирхайн архаг болон хурц үрэвслээр хөгшин, залуугүй өвчлөх нь ихэссэн.  Эмч нарын зүгээс архи, тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ, стресс ядаргаанаас болж нойр булчирхай өвддөг болохыг хэлдэг. Ямар нэг баярын дараа нойр булчирхайн өвчлөл нэмэгддэг нь ч дээрх шалтгаантай холбоотой байх?

-Нойр булчирхайн олон төрлийн эмгэг байдгаас хамгийн түгээмэл тохиолддог нь нойр булчирхайн архаг болон цочмог үрэвсэл юм. Энэ удаа баяр наадмын дараа өвчлөл огцом нэмэгдсэн. Нойр булчирхай нь хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог чухал эрхтний нэг юм. Гол үүрэг нь хоол хүнсэнд агуулагддаг өөх тос, нүүрс ус, уургийг шимэгдэхэд хялбар бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болгон задалдаг ферментүүдийг ялгаруулдаг булчирхайлаг эрхтэн. Нойр булчирхай өвчилсөн үед тухайн эрхтний дотоод болон гадаад шүүрлийн үйл ажиллагаа алдагддаг. 

Монгол Улсад нойр булчирхайн өвчлөлд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь архи, өөх тостой шарсан хуурсан  хоол хүнсний зохисгүй хэрэглээ, цөсний замын бөглөрөлтөт эмгэгүүд юм. Нойр булчирхайн эмгэгээр ямар ч насны хүн өвчилж болох бөгөөд УНТЭ-ийн сүүлийн гурван жилийн статистик мэдээнээс харахад хөдөлмөрийн насны, өөрөөр хэлбэл идэр залуу, дунд насны эрэгтэй хүмүүс нойр булчирхайн цочмог үрэвслээр өвдөх нь нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хүн амын дунд архины хэрэглээ нэмэгдэх болсонтой холбоотой. 

-Монголчууд өөх тостой хүнс идсэний дараа хоолоо шингээх нэрээр архи уудаг. Гэтэл өөх тостой хоолны араас архи ууснаар цочмог үрэвсэл бий болдог гэсэн яриа бий, энэ үнэн үү? Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ? 

-Тэгж ойлгож болно. Нойр булчирхайн цочмог үрэвсэл оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хорхог боодог, гахай, үхэр, хонины шарсан хуурсан мах, шорлог, гэдэс дотор зэрэг өөх тос ихтэй хоолыг архи спиртийн төрлийн ундаагаар даруулж хэрэглэсэн гэсэн өгүүлэмж давамгайлдаг. Нойр булчирхайн хоол боловсруулалтад оролцдог ферментүүд нь нойр булчирхайд идэвхгүй хэлбэрт байдаг.

Архи, өөх тостой шарсан хуурсан хоол хэтрүүлэн хэрэглэх үед нойр булчирхайн ферментүүдийн ялгаралт хэт идэвхжиж, өөрийн эд эсийг хайлуулаад зогсохгүй эргэн тойрны эд эрхтэнг үрэвсэл, үхжилд хүргэдэг.

Мөн архи спиртийн төрлийн ундааг хэтрүүлж хэрэглэдэг хүмүүс олон хоногоор хоол унд идэхгүй архи ууснаар нойр булчирхай болон цөсний эмгэгт нэрвэгдэх нь их байдаг. Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед хэвлийгээр хүчтэй өвдөх, өвдөлт нь зүүн, баруун хавирганы нум, ар нуруу руу бүсэлхийлж ороож дамжих, огиулж бөөлжих, гүйлгэх, хоол унданд дургүй болох гэсэн зовиурууд илэрдэг.  

-Нойр булчирхайн өвчлөлийг хэдий хугацаанд, хэрхэн эмчилдэг вэ? Өнөөдрийн байдлаар танай эмнэлэгт энэ өвчний улмаас хэдэн хүн эмчлүүлж байна вэ? 

-УНТЭ-ийн сүүлийн гурван жилийн статистик мэдээгээр хэвтэн эмчлүүлэгчдийн дунд нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол нэмэгдсэн. Ялангуяа 2020 оны долдугаар сард буюу улсын баяр наадмын дараа нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол нэмэгдэж, олон жилийн дунджаас ихэссэн байна. 

2020 оны эхний хагас жилийн байдлаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв, Ерөнхий мэс заслын клиник, Эрчимт эмчилгээний тасагт нийт 69 өвчтөн нойр булчирхайн цочмог үрэвсэл оношоор эмчлэгдэж, гурван өвчтөн нас барсан. Харин долдугаар сард энэ оношоор 17 хүн эмчлэгдэж, хоёр хүн нас барсан байна.

Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь нас баралт өндөртэй эмгэг бөгөөд үрэвслийн хэлбэр, олон эрхтний хүндрэлээс шалтгаалан хэвтэн эмчлүүлэх хугацаа нь харилцан адилгүй байдаг. Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүнд хөнгөний зэргээс нь шалтгаалан эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг. Эмчилгээ удаан хугацаагаар үргэлжлэх бөгөөд хоёрдогч чихрийн шижин, нойр булчирхайн хуурамч уйланхай, хоол шингээлтийн алдагдал зэрэг хожуу үеийн хүндрэл өгдөг. 

-Нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүс ямар дэглэм барих ёстой бол.  Мөн нойр булчирхайгаа өвчлүүлэхгүйн тулд ямар хоол хүнснээс татгалзах ёстой вэ, та зөвлөгөө өгөөч? 

-Нойр булчирхайн эмгэгээс сэргийлэхийн тулд, ялангуяа нойр булчирхайн цочмог үрэвслээр өвдөхгүйн тулд архи спиртийн төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, амьтны гаралтай өөх тос ихээр агуулсан шарсан хуурсан хоолноос татгалзах, зөв зохистой хооллох хэрэгтэй. Хоол ундандаа өөх багатай тахиа үхрийн мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тарианы бүтээгдэхүүнийг зөвхөн чанаж, жигнэж идэх нь нойр булчирхайн өвчлөлөөс сэргийлэхэд тустай. Өдөрт 4-5 удаа бага багаар хооллохыг зөвлөмж болгодог. Зуны дэлгэр цагт иргэд аялал зугаалгаар явахдаа аль болохоор дасал болсон хүнсээ хэрэглэвэл нойр булчирхайн өвчлөлөөс сэргийлж чадна. Аливаа юманд хэм хэмжээ байдаг шиг идээ ундааны соёлд ч гэсэн хэм хэмжээ гэж бий. 

Эх сурвалж:News.mn Э.Бурам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.