Терунофүжи Ган-Эрдэнэ дээд зиндаанд эргэн ирж Нагоя башёд түрүүллээ

 

Японы сумогийн макүүчи зиндааны долоодугаар сарын Нагоя башёд Монгол улсын тамирчин Терунофүжи Ган-Эрдэнэ түрүүллээ. Өмнө нь Озеки цолд хүрч байсан Терунофүжи энэ башёд зүүний маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэн барилдсан бөгөөд тэмцээний сүүлийн өдөр секиваки цолтой Митакеүмиг давсан байна. 

13-2 (13 даваа, 2 унаа) амжилттайгаар түрүүлсэн Терунофүжи хэрэв сүүлийн өдрийн барилдаанд унасан бол 12-3 амжилттай байсан Асанояматай тэнцэж нэмэлт барилдаан хийх байсан юм. Асанояма сүүлийн өдөр мөн секиваки цолтой Шодайг давсан.

Ийнхүү сүүлийн таван жилд анхны цомоо, замналынхаа хоёр дахь цомыг өргөсөн Терунофүжи сумогийн дээд зиндаанд хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард барилдсан. Хоёр өвдгөө бэртээснээс хойш барилдаагүй түүнийг 2018 оны тавдугаар сард жюро зиндаа руу буулгасан билээ.

Үүнээс хойш дөрвөн башё өнжсөний эцэст Ган-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сард дээрээсээ тавд эрэмбэлэгдэх жонидан зиндаанаас барилдаж эхэлсэн юм. Замналыг нь дуусгаж мэдэх бэртлийн дараа эргэн ирэлт хийж доод зиндаанаас ахин явсаар Японы сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн Терунофүжи "Доод зиндаа руу унах үед гэр бүл, дэвжээний багш минь дэмжиж тусалсан. Тэдний ачаар би эргэн ирж чадсан" хэмээжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.