Л.Мөнхтүшиг: Чех улсаас ирсэн охин Монголын хил дээр яаж ирсэн нь одоогоор тодорхойгүй байна

ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж  тус яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Чехээс ирсэн оюутан эмэгтэйн талаар дараах мэдээллийг өглөө.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Юун түрүүнд Монгол Улсын хилээр иргэдийг нэвтрүүлэх чиг үүрэг нь ГХЯ-ны хариуцсан чиг үүрэгт хамаардаггүй. Тэгэхээр ГХЯ тухайн иргэнийг оруулах эсэхийг шийдэхгүй гэдгийг хэлье. 

Чехээс ирсэн оюутны талаар мэдээлэл авсан даруйдаа үнэхээр тэр улсаас ирсэн эсэхийг тодруулах шаардлага үүссэн. ОХУ өөрийн хилээр нэвтрэх эрхтэй гурван улсыг зарласан. Үүнд Чех улс байхгүй. 

Бид мэдээлийг авсан даруйдаа тухайн иргэний ар гэртэй холбогдсон. Одоогоор Чехээс том оврын машинд суугаад ирсэн гэдэг өгүүлэмжтэй байгаа. 

Нэг зүйлийг тодотгоод хэлэхэд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол-Оросын бүх боомтын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ шийдвэр хүчинтэй байгаа. Хэрэв Монгол Улсын иргэнийн татан авах тохиолдолд зохион байгуулалттайгаар хоёр тал тохиролцон хилээ нээж авч байгаа. Бид өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нийтдээ 1,700 иргэнийг татан аваад байна. 

Чехээс ирсэн охины хувьд ГХЯ болон Элчин сайдын яаманд урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ирсэн учраас хил хаалттай байсан. Хил нэвтрүүлэх шийдвэр гаргахаар холбогдох байгууллагууд удсан болов уу гэж бодож байна. 

Энэ охин яаж ирсэн нь одоогоор албан ёсоор тодорхойгүй байгаа. 

ОХУ-ын талаас тухайн улсын хилийн горим зөрчвөл хоёр жил хүртэл хорих ялтай байдаг гэдгийг анхааруулсан. 

Мөн БНХАУ-ын хоёр иргэн хил зөрчин орж ирсэн гэх мэдээллийг түүнээс тодруулахад "Хил зөрчихтэй холбоотой асуудал Тагнуулын ерөнхий газар шалгадаг учраас бидэнд мэдээлэл алга байна" гэдэг хариулт өглөө. 

Л.Мөнхтүшиг иргэдийг ОХУ-аар дамжаад Монголд ирэх боломжтой гэх ташаа мэдээлэлд автахгүй байхыг сануулав.

Эх сурвалж:Ikon.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.